
Өнгөрсөн сарын 23-ны өдрийн 12.00 цагийн орчимд Нийслэлийн Баянгол дүүргийн VI хорооны нутаг, 25 дугаар эмийн сангийн урд замд дөрвөн замын уулзварын зүүн талд явган хүний гарцаар гарч явсан 10 настай хүү автомашинд мөргүүлж амиа алдсан хэрэг гарсан билээ.
Тухайн үед "Мон дулаан трейд" компанийн охин компани болох "Хишигтэн нүүдэлчин" компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг Ш.Алтанхуяг гэгч Toyota Land Cruiser маркийн автомашинтайгаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүүгийн амь насанд хүрсэн билээ. Харин амиа алдсан хүү ээж, эгч хоёртойгоо амьдардаг байжээ. Ээж нь хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон эмэгтэй аж.
Холбогдох албаныхан уг хэргийг шалгаж дуусаагүй байгаа ба Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлгийн 215.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 3-5 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ хэмээн мэдэгдсэн. Мөн хүүхэддээ тавих хараа хяналтаа чангатгаж, анхаарал болгоомжтой, гэрэл дохиотой, зөвшөөрөгдсөн газраар зам хөндлөн гарахыг сануулж байна.
Хамгийн гомдолтой нь замын хөдөлгөөнд согтуугаар автомашин жолоодож яваад хүний алтан амь хөнөөчихсөн согтуу жолоочийн буруугаас хайртай үрээ, дүүгээ үеийн нөхрөө дахин хэзээ ч харахгүй үлдэнэ гэдгийг зүйрлэж бичих үг ч багадана. Энэ л гуниг харуусал дахин хэнд ч битгий тохиолдоосой гэсэн сэтгэлээр талийгаач хүүгийн найзууд автозамын ослоос сэрэмжлүүлэх үүднээс доорхи зурагт хуудсыг хийжээ. Хүүхдүүдийн зүрх сэтгэлээр бүтсэн энэхүү зурагт хуудас согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зориг зүрхтэй хэн нэгэнд ухаарал хайрлаасай.

П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ