
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Дэлхийн банктай хамтран боловсруулсан Хөгжлийн Бэрхшээлийн талаарх Дэлхийн тайлангийн Монгол дахь нээлтийн үйл ажиллагаа болж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн амьдралыг сайжруулж, 2008 оны тавдугаар сард хүчин төгөлдөр болсон НҮБ-ын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийн хэрэгжилтийг чиглүүлэх бодлого, хөтөлбөрт нотолгоо өгөхийн тулд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн банкны групп хамтарч Хөгжлийн бэрхшээлийн талаарх дэлхийн тайланг боловсруулсан аж.
Уг тайланд дэлхий дээр нэг тэрбум гаруй хүн ямар нэгэн хөгжлийн бэрхшээлтэй амьдарч байгаа бөгөөд бараг 200 сая хүн үйлдлийн бэрхшээлтэй амьдарч байна. Хөгжлийн бэрхшээлийн тархалт ихэсч байгаа учир ирэх жилүүдэд энэ асуудал бүх нийтийн анхаарлын төвд байна. Энэ нь хүн ам өндөр настай болсноор хөгжлийн бэрхшээлтэй болох эрсдэл өсч, мөн чихрийн шижин, зүрх судасны өвчин, хавдар, сэтгэцийн эрүүл мэндийн өвчин гэх мэтийн эрүүл мэндийн архаг нөхцөл байдал дэлхий дээр өсч байгаатай холбоотой аж.
Дэлхий дээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, боловсролд хамрагдалт хангалтгүй, эдийн засгийн оролцоо бага байгаа зэрэг нь хөгжлийн бэрхшээлгүй хүмүүсээс илүү ядууралд өртөх шалтгаан нь болж байна.
Бидний байнга авч байдаг эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, тээвэр, мэдээлэл зэрэг үйлчилгээг авахад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст саад бэрхшээл учирдаг. Энэ бэрхшээл нь анхаарлаас гадуур байгаа хүмүүст илүү хүнд тусдаг байна.
Хөгжлийн бэрхшээлийн талаарх дэлхийн тайлан засгийн газар, иргэний нийгмийн байгууллага болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн байгууллагын бүх шийдвэр гаргагч хүмүүст ээлтэй орчинг бий болгох, сэргээн засалт, тусламж, үйлчилгээг боловсруулахад чухал үүрэгтэй аж. Мөн тэдэнд тохирох нийгмийн хамгааллыг баталгаажуулах, хамруулах бодлого, хөтөлбөрийг бий болгох, одоо байгаа стандарт, хууль дүрмүүдийг сайжруулж, мөн шинээр стандарт, хууль дүрэм боловсруулах зэрэг шатлалуудыг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон тэдний хамт олны ашиг тусын тулд авахыг санал болгожээ.
Ихэнх орнууд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийнхээ амьдралыг сайжруулахын тулд олон арга хэмжээ авч явуулж эхэлсэн хэдий ч маш их зүйл хийгдээгүй үлдсэн аж. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тулгарч байгаа саад бэрхшээлүүдээс урьдчилан сэргийлэх боломжтой ба хөгжлийн бэрхшээлээс үүдэн гарч байгаа сул талуудыг даван туулж болно гэдгийг уг тайлан нотолсон байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ