
Монгол суу ухааны Манукол академийн ерөнхийлөгч, физикч,философич, Монгол судлаач, доктор З.Бат-Отгонтой ярилцсанаа хүргэе.
-Монгол суу академи хэдэн онд байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бэ?
-Монгол суу ухааны академи анх 2009 оны гуравдугаар сарын 5-ны өдөр байгуулагдсан. Байгуулагдсан цагаасаа гурван жилийн туршид үйл ажиллагаагаа эрчимтэй явуулж суу ухааныг түгээн дэлгэрүүлэх үйлсэд хүчин зүтгэж явна даа. Манай академийн гол зорилго нь монгол суу ухааныг судлаж, ач тусыг нь нийгэмд таниулах, сурталчилах, мэдүүлэх, хэмээн гол зорилгоо болгон ажиллаж байна. Монгол суу ухаан нь зүгээр л амьдралыг заадаг ухаан шүү дээ. Өнөөдөр шинжлэх ухаанд амьдралыг яаж засах вэ, амьдралыг хэрхэн түвшин сайхан болгох вэ, хүмүүсийг яаж аз жаргалтай амьдруулах вэ гэсэн ганц ч үг алга. Философид ч мөн адил ийм зүйл огт байдаггүй гэж хэлэхэд болно. Шашны гүн ухаанд бол хүн рүү чиглэсэн сургаалиуд байдаг. Харин шашны зохиол хүнийг засдаг болохоос биш амьдралыг засдаггүй. Гэвч амьдрал гэдэг нь ганцхан хүнээс тогтдоггүй бөгөөд хүн ба тархи оюун санаа сэтгэхүй сэтгэлгээ гэж байна. Хүний зүрх сэтгэл, хүний хүн чанар, хүнлэг сэтгэл, хүний зөв оршин амьдрахуй гэсэн олон зүйлээс, мөн улс төр засаг, дэлхий энэ бүхэн нийлж байж амьдрал болдог. Тэгэхээр амьдралыг ганцхан талст ганцхан өнцгөөс харж болохгүй. Амьдралыг бүх талстаар нь багцаар нь хэмжээсээр нь харж байж амьдралыг бүхэлд нь засах ухааныг л монгол суу ухаан гэж нэрлээд байгаа юм. Үүнтэй холбоотой дэлхий нийт өнөөдрийн хүн төрөлхтөн их хорин гүрэн амьдралыг засахгүй байгаа юм уу гэдэг асуулт гарч магадгүй. Тэд амьдралыг засах гэж оролдож байна. Гагцхүү амьдралыг яаж засах вэ? гэдэг онол арга технологи нь юу ч байхгүй байгаа. Тийм учраас яаж засах гэж байгаа оролдлого нь голчлон эдээр засах гэж оролдож байгаа юм. Мөн амьдралыг авлига хээл хахууль, албан тушаал, эрх мэдэл хуйвалдаан мөлжлөгө дарлал, хүчирхийлэл аллага таллага далд колончлолын аргаар засах гэж оролдож байгаа юм. Буруу муу муухай аргаар дарах гэж оролдож байна. Монгол суу ухаан үүнээс ялгаатай тал нь амьдралыг эрдмээр, оюунаар, ухаанаар, үнэнээр, зөвөөр, шудрагаар мөн хайр энэрлээр эв эеийг засдаг ухаан юм. Тэгэхээр Монгол суу ухаан нь монголчууд төдийгүй дэлхийн нийтэд нэн чухал хэрэгтэй зүйлийн нэгт зайлшгүй орох хэрэгтэй байна. Энэ ухаан онолыг мэдвэл зохих, эзэмшвэл зохихыг монгол тууургатан төдийгүй дэлхий нийт амьдралынхаа хэрэглээнд оруулах нь Монголын суу ухааны академийн гол зорилго оршдог.
- Улс төр, урлагийнхан дотор хаан ухаан болон хатан ухаанд суралцсан хүмүүс хэр олон байдаг вэ?
- Монгол суу ухаан дотроо гурван хэсэг ухаанаас тогтдог. Нэгдүгээрт хаан төгс ухаан, хоёдугаарт хатан ухаан, гуравдугаарт, хан мэргэн ухаан гэсэн гурван бүлэг ухаанаас тогтдог. Хаан төгс ухаан бол төр засгийн эрхийг барьж ажиллаж байгаа эрчүүдийн эзэмших ухаан. Хатан цэцэн ухаан нь төр засгийн эрхийг бариад ажиллаж байгаа эрчүүдийн хатан ухаантнуудыг түшиж тулж зүглүүлэх ийм ухаан байгаа. Хан мэргэн ухаан гэдэг бол тэр хаан төр засгийн эрхийг бариад ажиллаж байгаа хааныг түшиж хатан тэдгээрт шадарлаж байгаа ноёд тайж түшмэлүүд хан хөвгүүд, хатан охидуудын эзэмшвэл зохих ухаан байгаа. Энэ гурвалсан ухаан дээр монголын төр засаг, монгол улс үндэстэн оршин амьдрахуй тэр чигтээ бүрэн цогцолж чадаж байсан. Тийм учраас монгол суу ухааны Монголын суу ухаан дотроо бүтэц зохион байгуулалтын 10–н том нэгж ажиллаж байна. Удирдах зөвлөл нь гурван том нэгжээс бүтнэ. Хаан хуралдай, хатан хуралдай, хан хуралдай. Энэ гурван хуралдай нийлж байж их хуралдай болдог. Эрдмийн алба, хатан ухаан танхим нь эмэгтэйчүүдийг хаан ухаанд сургах бэлдэх чиглэлээр мөн хаан ухааныг эрчүүдэд эзэмшүүлэх гэх зэрэг. Хатан ухаан гэдэг бол монголын төр засгийн эрх мэдлийг аваад /улс төр/ гэдэг нь улсыг төр болгох үйл явцыг улс төр гэдэг юм. Гэтэл өнөөдөр улсыг будаа болгох үйл ажиллагаааг улс төр гэдэг гэж ярьж байна. Тэгвэл улс нь таван зүйлээс бүтдэг.Нэгдүгээрт хүмүүс буюу ард түмэн, хоёрдугаарт буюу ард түмний орон гэр болсон газар нутаг, энэ хүмүүсийн оршин амьдрахуйн үндэс болсон тархи, дөрөвдүгээрт аж ахуй, тавдугаарт төр засаг гэсэн зүйлээ бүтнэ. Эдгээр таван зүйл бэхжиж байж, хэнээс ч хамааралгүй болж өөрсдөө бүх асуудлаа авч яваад шийддэг чадвартай.
Үүний үндсэн дээр ард түмний оршин амьдрахуй тэр чигтээ түвшин сайхан тогтохыг төр болно. Монгол суу ухаанд төр гэдэг өөрөөсөө түвшин сайхныг төрүүлж гаргадаг оршин амьдрахуйг төр гэнэ. Ерөөсөө УИХ-ын гишүүд, Засгийн газрыг хэлнэ гэж хэлдэггүй. Энэ хоёр маань төрийн төлөөлөл жинхэнэ төр бол ард түмэн өөрөө мөн. Ард түмэн дөрвөн жил болоод яагаад сонгууль өгдөг вэ гэвэл жинхэнэ төр гэдгийг харуулах гэж баталж байгаа явдал. Өөрсдийн төрийн төлөөлөл болгож 76 гишүүнийг сонгоно. Хамгийн ухаантай гэсэн эх орныг улсыг төр болгох үйл явцыг хийж чадна гэж итгэсэн хүндээ саналаа өгөөд тэрийгээ гаргаж ирж төлөөлөл болгож сонгоод тэр хүндээ өөртэй байгаа төрийн эрх мэдлээ түр шилжүүлдэг. Төрийн боол болсон тэр хүмүүс үйлчлэгчид өөрсдийгөө төр гэж цээж дэлдээд жинхэнэ төрөө нухчин дарах ажиллагааг хийж байна. Тэгэхээр улсыг бүх талаар нь түвшин сайхан болгох энэ үйл явцыг л улс төр гэдэг. Энэ улс төрийн үйл ажиллагааг хийхийн тулд хэн нэгэн хувийн эрх ашгийн төлөө тэнд очиж суудаг юм биш. Ухааны суу оюуны цоо болсон хүмүүс ард түмнээс ялгарч байж тийм хүмүүс л улсыг төр болгох үйл явцыг хийдэг. Тэр ухааны суу болсон хаан ухаантнууд, оюуны цоо болсон хүмүүс хатан ухаантнууд байх ёстой. Тэгэхээр эмэгтэй эрэгтэй хүмүүсийн дутуу бөгөөд илүү чанар нь гэвэл эрэгтэй хүн эмэгтэй хүнээс ухаан дутуу. Харин хүч илүү. Эмэгтэй хүн бол эрэгтэй хүнээс хүч дутуу. Ухаанаар илүү байдаг учраас энэ төрд эмэгтэй хүний ухаан дутаж байна. Тийм учраас эрэгтэй, эмэгтэй хоёр хүний хүч ухаан нийлж байж төр засаг ажил илүү явах болов уу. Жинхэнэ оюуны цоо нар чинь тулганаас дээш гарах эрхгүй болчихоор өрх гэрийн хойморт ганцаараа хоохолзсон, хаахалзсан эр хүн өөрийгөө бүхнийг мэдэгч, би бүхнийг шийдэгч, өөрийгөө аугаа хүн гэж бодож байгаа. Гэтэл монголын төр засгийн эрхийг барьж байгаа эрчүүдийг харж байхад гадаа гарч эр болдог, гэрт орж эм болж тоглоод тэр эмэгтэй хүний холыг хардаг, бүдүүн тоймийг хардаг сэтгэхүй оюун нь улс орны дотоод нарийн зүйлыг зохицуулж чадахгүй байна шүү дээ. Ингээд л Монгол улс дотроосоо өтөж байна.
-Сүүлийн үед урлаг соёл, улс төрийнхнөөс хатан ухаанд боловсорсон эмэгтэйчүүд хэр байдаг юм бол?
-Хатан хаан танхимийн үйл ажиллагааны үр дүнд хатан ухаан гэсэн хоёр үг түгж байна шүү дээ. Хүн болгон хатан ухаан гэж ярьж байна. Гэхдээ өнөөдрийн авгай болчихсон эмэгтэйчүүдээс хэнээс нь ч хатан ухаан гарахгүй. Тэгэхээр хатан ухаантай нэг ч эмэгтэй алга, хаан ухаантай нэг ч эр хүн урлаг соёлынхон мөн төрд ажиллаж байгаа эмэгтэйчүүдэд байхгүй байна. Хатан ухаантан, хаан ухаантан гэдэг бол удирдагч удирдан зохион байгуулах удирдагчийн мэдвэл зохих зүйлийг мэдсэнээс гадна засаглагчийн амьдралыг гэгээрлээр засаглагчийн мэдвэл зохихуй мэдэж эзэмшсэн хүмүүс байдаг. Өөрөөр хэлбэл удирдагч засаглагч хоёр нийлж байж хаан ухаантан, хатан ухаантан болдог.
-
Сонгууль дөхөөд улс төрийн амьдралд гарч байгаа зүйлүүдын талаар та ямар бодолтой байна вэ. Өнөөгийн нийгэмд болж байгаа энэ үйл явдлын талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Ард түмэн жинхэнэ төр гэдгийг би яриандаа хэлсэн байгаа. Тэгэхээр ард түмэн дөрвөн жилийн хугацаатай өөртөө байгаа төрийнхөө эрх мэдлийг төрийн төлөөл болсон хэдхэн хүнд шилжүүлдэг. Дөрвөн жилийн дараа хариуцлага тооцохдоо сайн хэрэгжүүлсэн хүнд дахин эрхээ өгдөг. Энэ бүхний эцсийн шийдвэрлэгч нь ард түмэн байдаг. Энэ утгаараа ард түмэн өөрөө төр юм. Гэтэл энэ социанарийн үед төр засгийн эрх авсан төрийн төлөөл болсон хүмүүс чинь би өөрөө төр хэмээн цээжээ дэлдээд байна шүү дээ. Үгүй. Энэ хүмүүс чинь төрийн төлөөлөл жинхэнэ төр чинь ард түмэн өөрсдөө юм шүү дээ. Энэ зүйлээ ч гэсэн ард түмэн өөрсдөө мэдэж байх хэрэгтэй байна. Болохоо байсан хүнд асуудлыг бүх ард түмний санал асуулгаар шийддэг нь ард түмэн төр гэдгийг харуулж байна.
-Сонгуулийн талаар таны бодол. Хэдхэн нам эвсэл, хэдхэн хүн л энэ сонгуульд өрсөлдөж байна шүү дээ?
-Сонголтгүй л байгаа шүү дээ. Энэ бол үнэн. Миний хувьд бол сонгууль өгөхгүй. Тэгэхдээ сонгууль заавал өгөх ёстой гэж байгаа ч сонгох улс төрийн хүчин алга. Сонгох хүн ч алга байна. Монголыг өөрчилье гэвэл ард түмэн нийт даяараа сонгууль өгөхгүй л байх хэрэгтэй. Харин сонгуулийн өдөр ард түмэн өөрсдөө зохион байгуулалтад ороод ард түмнийхээ онц их хурлаа байгуулж хуралдуулаад тэндээс төр засгийн газраа байгуулаад шинэ өөрчлөлтөд орох хэрэгтэй. Яагаад гэвэл ард түмэн сонгохгүй. Тэгээд л эрх мэдэл нь тэр өдрөө дуусна. Ингээд ард түмэн өөр зохион байгуулалтад орох хэрэгтэй. Ард түмэн өөрсдийн сонгосон хүмүүстээ итгэх итгэл нь алдраад сүүлдээ бүр яаж тэмцэх учраа олохгүй байна шүү дээ. Энэ л тэмцэл. Харин гудамжинд гараад орилоод яах юм бэ нэмэргүй ард түмэн оюун санааны, ухамсрын, оюуны гэсэн том хувьсгал хэрэгтэй.
-Ард түмнийг чиглүүлж авч явах удирдагч нар зайлшгүй хэрэгтэй юу?
-Удирдагч хэрэгтэй. Засаглагч хэрэгтэй. Чингис хаан бол удирдахуйн манлайлагч байсан. Засаглахуйн багш байсан. Хаан ухаантан гэдэг чинь тийм хүн байх байдаг юм. Харин хатан ухаантан гэдэг нь удирдахуйн зөвлөгч засаглахуйн сургагч байдаг. Ингэж хаан, хатан ухаан хоёр шүтэн барилддаг.Өнөөдөр Монголын төр засагт хаан хатан ухаантай нэг ч хүн байхгүй учраас яаж засахаа мэдэхгүй барууны онолгүй явж ирсэн энэ аргачлалаар ард түмнээ дарангуйлаад улам айдас хүйдэстэй л амьдарч байна. Эх орон минь өдрөөс өдөрт эзэнгүйдэж байна. Хүний үнэлэмж өдрөөс өдөрт үнэ цэнээ алдаж газар шороогоо ухуулаад дууслаа. Социализмийн үеэс дордлоо энэ бүгд харсаар байтал нүдэн дээр доройтож байна. Тэгэхлээр ухааны удирдагч зайлшгүй хэрэгтэй. Гэгээрлийн ухаанаар монголоо төдийгүй дэлхийг түвшин болгоно. Тийм учраас гэгээрлийн удирдагч оюун сананы удирдагч монголд хэрэгтэй. Монголчууд бизнесийн, эдийн засгийн, мөнгөний удирдагч нараар эрх мэдлийн удирдагч нараар удирдуулж ирсэн. Одоо бол монголын төр засгийн удирдлагад гүн ухаантан буюу гэгээрсэн тархины, оюуны сэтгэлгээний, сэтгэхүйн асар өндөр түвшинд хүрсэн удирдагч засаглагч л монгол өөөрчлөгдөнө.
-Энэ удаагийн сонгуульд та өрсөлдөх үү?
-Үгүй. Надад сонгуульд гаръя гэсэн өчүүхэн ч бодол алга. Надад ард түмнийхээ үндэстнийхээ төлөө “Монгол суу ухаан” байгуулаад хэнээс ч тусламж авалгүй өөрийнхөө хүчээр өдий зэрэгтэй болголоо. Энэ академийг байгуулсны дараа ард нь хэн байна ямар хүмүүс санхүүжүүлж байна гээд л хардаж сэрдээд л байсан. Яагаад заавал улс төртэй аливаа юмыг холбож боддог юм бэ. Улс төрөөс өөр чухал асуудлууд зөндөө байна. Улс төр гэсэн бохир заваан одоогийн байгаа улс төр яг аалзны тор гэж хардаг. Амбиц, шуналтнуудын эрх мэдэл, өнгө мөнгөнд дурласан эрх мэдэлтнүүдийн аалзны тор руу би орвол ороогдоод юу ч хийж чадахгүй. Юу ч хийхгүй, хэрүүл хийгээд л суух тийм сонирхолтой хүмүүс. Харин юм хийе бүтээе гэж байгаа хүн бол аль болох энэ улс төрөөс ангид ажлаа хийгээд л явах нь илүү дээр юим болов уу даа. Аалзны торон сүлжээ рүү орохгүй. Та нар харж байгаа урьд нь ажлаа хийгээд хичнээн сайхан цовоо цолгиун хүмүүс одоогийн улс төр рүү ороод хүн биш болдог хийморь сүлд нь байхгүй болдог. Яриа хөөрөө зорилго тэмүүлэл нь бүгд байхгүй болдог. Нэг нэгэндээ уусч байна. Ард түмнийг дарангуйлагч л болно Бат-Отгон ч гэсэн ялгаагүй. Ийшээ орвол бас л тийм болно гэсэн үг. Ингэхийн оронд мөлхөөд ч гэсэн академийнхаа ажлыг хийгээд явж байвал намайг үхсэн ч гэсэн энэхүү академи маань монголын ард түмэнд үлдэнэ шүү дээ. Би нэг оёдлын цех байгуулаад, эсвэл газар тариалан эрхлээд яваагүй. Магадгүй ирээдүйд дэлхийг оюунаар хангах төв оюуны өлсгөлөнгөөс гаргах төв болж мэднэ.
-“Монголын суу ухаан” академи их сургуулийн диплом олгож байгаа гэж сонссон. Энэ талаараа уншигчдадаа сонирхуулаач?
- Хатан ухаан танхим дээр одоогийн байдлаар 120 гаруй хүн суралцаж байна. Их сургуулийн дөрвөн жилийн хөтөлбөрөөр Хатан ухаан танхимийн сургалтад хамрагдаад сурч байна. 2016 онд эхний төгсөлтөө хийнэ. Их сургуулийн диплом олгоно. Эмэгтэйчүүдэд нь хатан ухаантан, эрэгтэйчүүдэд нь хаан ухаантан гэсэн дипломтой төгсөнө. Харин энэ төгсөгчдөөс улс төр рүү орох сонирхолтой хүмүүс байвал орох боломжтой. Монгол суу ухаан нэгэн цагт хүн төрөлхтний өдөр тутмын эрэлт хэрэгцээ болно доо.
-
Арван жилийн хүүхдүүдийг багаас нь хаан ухаан мөн хатан ухаанд сургах боломж байгаа юу. Сургалтын материал боловсруулаад хичээл програмид оруулах боломж хэр байдаг юм бол?
- Дунд сургуулийн хүүхдүүдийн хичээлийн програмид оруулах үүднээс бид хоёр жилийн өмнөөс сургуулиуд дээр туршилт хийж үзсэн. Одоо ч гэсэн туршилт маань явагдаж байгаа. Өнгөрсөн хавар бид эхний жилийнхээ үр дүнг тооцсон. Маш олон чиглэлээр эцэг эх, сурагч дээр багш, сургуулийн захиргаа гээд олон чиглэлд амжилт гарсан. Энэ жил бүр ч их амжилт гарч байгаа. Туршилтынхаа дүнг боловсруулаад яамны сайд, Ерөнхийлөгч хоёрт өргөн барья гэсэн бодолтой байна.
Ярилцсанд баярлалаа
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ