Таван “БАЯР”-ын талцал
Цаана чинь таван “Баяр” талцаад байгаа юм биш үү, та минь ээ. Н.ЭнхБаяр, С.Баяр, Ц.ШинэБаяр, Д.ОдБаяр дээр нэмэх нь Н.НомтойБаяр. Шүлхийний асуудлаасаа дөнгөж ангижраад байсан Дорнод аймаг ийнхүү улстөрөөр ид амьсгалж, таван “Баяр”-ын талцал нийгмийн анхаарлыг эрхгүй татах болжээ. Бурхан цаанаас нь тааруулсан мэт таван “Баяр” ямар учир шалтгааны улмаас талцаж эхэлснийг тайлах гэж үзье.
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.ЭнхБаярын нэр, үйлдэл нь заримдаа Манж Чин улсын тэргүүн хаанаар өргөмжлөгдөж байсан Энх-Амгаланг санагдуулах болов. Эцэг Нурхайчийнхаа байгуулсан төрийг төвхнүүлээд эзэн хаанаар нь өргөмжлөгдсөн хүн бол Энх-Амгалан. Хэдийгээр Энх-Амгалан нэртэй боловч нэг ч удаа амар амгалан амьдран суугаагүй тэрээр нутаг орон, эд баялаг, эрх мэдлийн төлөө амиа өгөхөөс ч буцдаггүй нэгэн байв. Үүн шиг эх орноо бусдын зэрэгт хүргэхэд зайлшгүй хувь нэмрээ оруулсан хүн нь Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.ЭнхБаяр гарцаагүй мөн боловч зарим зарчмын зөрүүтэй асуудлаар Энх-Амгалан хааныг эрхгүй санагдуулах болсныг нуух юун. Тэрээр өөрийнхөө дагалдан баясагч гэж олноо нэрлэгдээд байгаа Ц.ШинэБаярын хамт МАН-ын шинэчлэлийн эсрэг тууштай тэмцэх болсныг иргэд янз бүрээр л тайлбарлаж байна. Тэгэхдээ Н.ЭнхБаяр, Ц.ШинэБаяр нар эртнээс нөхөрлөж ирсэн төдийгүй ажил төрөл, амин хувийн асуудал дээрээ ч аргагүй сайн санаа нийлдгийг улстөрийнхөн андахгүй. Нэр нь хэдийгээр Ц.ШинэБаяр боловч шинэ зүйл, шинэчлэлийг эрс эсэргүүцэж буй тэрээр МАХН-ыг тасдаж аваад, нам болгочих санаатай чадлаараа чармайж яваа. Харин Н.ЭнхБаярын нөгөө талд дахиад л С.Баяр зогсч байна. Өнгөрсөн, одоо, ирээдүй цагт байсан, байсаар ч байх С.Баяр залуу лидерүүдээ дэмжих бодлогоор МАК-ийн ерөнхийлөгч Б.Нямтайширын хүү, Н.НомтойБаярыг анхаарч эхэлжээ. С.Баяр гишүүний сонгосон Н.НомтойБаяр буюу бидний хөндөж буй дөрөв дэх Баяр бол хэзээний л номтой хүн. Сав л хийвэл ном барьж аваад унших, номноос иш татаж яриа өрнүүлэх түүнийг “Б.Нямтайширын цахиур хагалах хүү” гэж улстөр, бизнесийнхэн үнэлдэг юм билээ. Мэдээж гэр бүлгүй, дээр нь дөнгөж 30 шүргэж яваа залуу хүн учраас хааяахан “сайхан бүсгүйн талаарх сонирхолтой ном” уншсан тухай сөрөг мэдээллүүд Н.НомтойБаярыг дагадаг ч гадны сургуулиудаас олж авсан мэдлэг боловсролыг нь дарж, сүүдэрлэж чаддаггүй аж. Америкт улстөр, Германд инженер, эдийн засагчийн мэргэжил эзэмшсэн Н.НомтойБаярын эрдэм, боловсролд үнэхээр атаархахгүй байхын аргагүй. Тэгээд ч ТЕГ-т ажиллаж байсан Н.НомтойБаярын ажлын туршлага, мэдлэг нь С.Баяр байтугай хүмүүсийн анхаарлыг одоо ч татсаар байна. Мөн уул уурхайн үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтыг бүх чадлаараа дэмжих эрхэм зорилгоо Бага хурал дээр итгэлтэйхэн тодорхойлсон Н.НомтойБаярын байр суурь МАН-ын дарга С.Батболд, Генсек У.Хүрэлсүх нарт ч ихэд таалагджээ. МАН ирэх 20 жилийн хөтөлбөртөө ч бүтээн байгуулалтыг дорвитойхон өрнүүлэх зорилтуудыг жагсаан бичсэн учраас алсдаа бензин тосыг өөрсдөө үйлдвэрлэдэг аж үйлдвэрийн парктай болох Н.НомтойБаярын бүтээлч чанар МАН-ын 150 мянган гишүүнд таалагдах нь тодорхой. С.Баяр Н.НомтойБаярыг хөхиүлэн дэмжих болсон дөрөв дэх шалтгаан нь түүний аав Б.Нямтайшир юм. 40 мянгатын гудманд бага балчраасаа тэвэг тоглож өссөн С.Баяр, Б.Нямтайшир нарыг эдүгээ Н.НомтойБаяр ахин холбож өгөв бололтой. Эдгээр шалтгааны улмаас С.Баяр Н.НомтойБаярыг улстөрд уралдуулахаар сойж эхэлсэн бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш тангараг тасраад байсан Н.ЭнхБаяр, С.Баяр нар энэ далимаар Дорнодын тал дээр халзганах нь гарцаагүй болжээ. Харин Н.ЭнхБаярын балиашиглаж буй Ц.ШинэБаяр, С.Баярын дэмжиж байгаа Н.НомтойБаяр нар өнгөрсөн хэд хоногт Дорнод аймгаар зөрж, давхилдсаар таарав. Тодруулбал МАН-ын Бага хурлын гишүүн Н.НомтойБаяр намынхаа шинэчлэл, өөрчлөлтийн талаар гишүүд, дэмжигчдэдээ мэдээлэл хийх, мөн залуучуудад лекц унших зорилгоор Дорнодыг зорьсон нь Ц.ШинэБаяр гишүүний анхаарлыг татахгүй байж чадсангүй. Арга хэмжээний үеэр Н.НомтойБаяр “Би МАК-тайгаа хамт аж үйлдвэрлэлийг хөгжүүлнэ, МАН-тайгаа нийлж нийгэмд бүтээн байгуулалтыг хийнэ” гэж хэлсэн нь дорнодчуудын цөсийг хөөргөөд зогсохгүй “Эдийн засаг болон Монгол хүний тусгаар тогтнол”-ын тухай түүний эх оронч үзэл нутгийн иргэдэд маш их таалагджээ. Олныг хамарсан энэхүү арга хэмжээ телевизүүдээр цацагдсан нь Ц.ШинэБаяр гишүүнийг Дорнод руу хар хурдаараа давхихад хүргэсэн байна. Харамсалтай нь Н.НомтойБаяраас илүү гарч МАХН-ыг сурталчлах гэсэн Ц.ШинэБаяр гишүүний хүсэл талаар болсон төдийгүй ард түмэн өөдөөс нь амлалт нэхэж, амар заяаг нь үзүүлээгүй тухай шум нийслэлийн зүг нисч ирэв. Үнэндээ бол аж үйлдвэрийн парк байгуулъя, эх орондоо бүтээн байгуулалт өрнүүлье гэж байгаа Н.НомтойБаяр, зүгээр л Адуунчулууны уурхайг бүхлээр нь эзэмших гэж шунах Ц.ШинэБаяр нарын чин зүрхийг жинлээд үзвэл залуу, халуун сэтгэл, зүрх нь илүү жин дарах нь дамжиггүй. Бодит байдал ийм л болчихоод байхад олонтойгоо эвлэрч чадахгүй буруу ишилсэн сүх шиг зөрүүдэлж, зүтгээд байгаа улстөрийн зарим “акул”-ууд ухамсарлах цаг нэгэнт иржээ. Тэгвэл манай нийтлэлийн тав дахь Баяр буюу Д.ОдБаяр “од гийх”-ийг л отсоор байна. С.Баяр, Н.ЭнхБаярын аль алиныг нь дэмжихгүй, алсаас ажисхийн суугаа Д.ОдБаяр гишүүний энэхүү савраа нуусан муур шиг үйлдлийг улстөрийн тогооныхон чимээгүйхэн андаж сууна. Чухамдаа аль ахиухан оноотой яваад нь хачиг шиг наалдах нь уу, эсвэл унасан дээр нь түлхэхийг үлгэрлэн үзүүлээд өөрөө гол дүрд тоглох нь уу гэдгийг Д.ОдБаярын өчүүхэн ухаан шийдэх биз ээ. Нөгөө талаар монголчууд бидэнд улс орны хөгжил, бүтээн байгуулалт чухал болохоос таван “Баяр”-ын талцал хэнд ч сайшаалтай санагдахгүй. Аливаа улс гүрэн хагаралтай байх тусам гадныхны хоол, өгөөш болдог туршлага дэлхийн аль ч оронд бий. Тэгэхээр нийт нь нэгнийхээ төлөө, нэг нь нийтийнхээ төлөө байхыг эрхэмлэхийн оронд хэсэгчилж, бүлэглэн үймүүлээд байвал хэний ашиг сонирхолд нийцэх вэ гэдгийг бодож, тунгаахад нэг их буруудахгүй болов уу. Юутай ч Адуунчулууны уурхай болон бидний тоочоогүй бусад шалтгааны улмаас талцаад байгаа таван “Баяр”-ын хэнийг нь тэнгэр ниргэж, хэнийг нь ивээлдээ авахыг цаг хугацаа л харуулах үлдлээ. Халх голын төлөөх дайнд “хатуу самар” л үлддэг юм шүү дээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ