
Улаанбаатар хотын гаалийн улсын ахлах байцаагч Д.Жаргалсайхантай ярилцлаа.
-Гаальчдынхаа дунд шударга Жагаа гэж авгайлагдах хүртэл 27 жил төрийн албанд зүтгэлээ. Ажлын гараагаа хэрхэн эхэлсэн болон гаалийн албаны жаргал, зовлонгийн талаар тантай ярилцах гэсэн юм.
-1986 онд Санхүүгийн сургууль төгсөөд л Хотын гааль дээр долоо хоног дадлага хийгээд Замын-Үүд рүү томилолт авч ажлын гараагаа эхлэж байлаа. Замын-Үүдийн байцаагчаас эхлээд, орлогч дарга хүртэл олон алба хариуцсан. 1986-1993 он хүртэл Замын-Үүд дээр ажиллаж байгаад “Эрдэнэт”-ийн гаалийн даргаар очсон. Дараа нь Дархан, Зүүн хараа, Дорнод, Бичигтийн боомт гээд л томилсон газрууд руу мишокоо үүрч явсаар 27 жилийг ардаа орхижээ.
-Энэ хугацаанд сайн, муу олон зүйл тохиолдсон байх. Шударга Жагаа гэж ямар учраас дуудагдах болсон юм бэ?
-1989 оноос хойш бараа солилцоо чөлөөтэй болсноос Замын-Үүдийн гаалийн ачаалал эхлэсэн. Тэгэхэд 7-8 улсын байцаагч өдөр, шөнөгүй ажилладаг байлаа. Энэ хугацаандаа ажлынхаа дүрэм, журмыг сайн баримталдаг байсан учраас л шударга Жагаа гэж нэрлэдэг болсон байх.
Нэг жижиг өрөөнд 3-4 байцаагч хамт амьдардаг байлаа. Зарим нь багтахгүй айлаар хөнжил, гудсаа чирээд л явдаг байсан. Тэр үед бараа таваар ховор учраас байдал хүнд байдаг байсан. Төмөр замын дэлгүүрээс хүнсээ авдаг. Тэд нар нь гаалийнхан гэж ад үзээд заримдаа хүнс өгөхгүй байхаас эхлээд олон асуудал гарна.
-Бараагаа хураалгасан зарим хүмүүс элдвийн л юм хийдэг гэх юм. Энэ үнэн үү?
-Шөнийн суудалд явж байхад зүтгүүрийн эд ангиас өвгөнтийн архи их илэрдэг байсан. Энэ үед л гэрийнхээ цонхыг их хагалуулдаг байсан. Шөнө 03.00 цаг гэж ажлаасаа буугаад гэртээ ирэхэд хамаг цонх хагалаад, хувцас хунар бүгдийг нь урчихсан байдаг. Сүүлд нь хамт ажилладаг нэг хүн хүнээс цонхны төмөр гуйж авч энэ асуудал намжсан. Цагдаа нь л гэхэд Замын-Үүдийнхээ орчинд дасчихсан. “Гэр рүү хүнд дайраад ингэсэн байна” гэхээр хөдөлдөггүй байлаа. Нэг удаа шөнийн таваараар зүтгүүрийн хаалтны хойд талын секц нь ажилгүй, урд талынх нь секц ажилладаг 30-аад вагон орж ирсэн. Сэжигтэй санагдаад хойд талынх нь секцүүдийг нээтэл 70 кг-ийн шуудайнд өвгөнтийн архи, хятад шаахайн дээр масло хийчихсэн байсан. Барааг нь хураачихаад ажлаасаа гарч явсан чинь агент тосож авдаг хүмүүс араас дуудаад, нэг хоног ухаангүй хэвттэл зодсон. Эмнэлгээс доод тал нь 14 хоног хэвт гэсэн ч ажил ихтэй байсан болохоор долоо хоноод оргочихоод эмчдээ баахан загнуулж билээ. Тэр үед эмч “Чиний тархины гэмтэл сүүлд гарч ирнэ. Эмчилгээгээ дуусгаагүй дээ тэр үе дээ харамсав” гээд л нэг их загнасан. Сүүлд нь яг гор нь гарч, одоо тархи өвддөг болсон.
-Та Оросын Элчин сайдыг хүртэл шалгаж зөрчил илрүүлж байсан гэл үү?
-Тэр үед том дарга нарт үйлчилдэг тусдаа вагон байдаг байсан. Тийм вагоноор Оросын элчин сайд зорчих үеэрээ 110 хос бөхөнгийн эвэр авч гарах гэж байгаад баригдаж байлаа. Биднийг зөрчил илрүүлэнгүүт элчин сайд “Танай орон нутгийн хятадууд аваад гар гэсэн юм. Уучлаарай” гэж мэдүүлж байсан. Тэр үед ангийн эд зүйл, түүхийн ховор дусгалууд л их хураагддаг байлаа.
-Х.Баянмөнх аварга бас ангийн арьс энэ тэр авч явж байгаад танд хураалгаж байсан гэдэг бил үү?
-1990 онд баахан бөх суулаа. Тэр үед цэргийн хувцас гээд шинель энэ тэрийг гадагшаа гаргадаггүй байсан юм. Гэтэл өнөөх бөхчүүд чинь баахан дуран, шинель, арьс, “магна” тамхи гээд тухайн үеийн ханшаар сая гаруй төгрөгийн бараа авч явж байсан. Бас болоогүй ээ вагоны хананд “УАЗ-469”-ийн карбюратор задлаад хийсэн байсан. Эхлээд л бөхчүүд нь минийх, минийх гэж байсан. Сүүлдээ аварга “Минийх” гэж хэлж, барааг нь улсын орлого болгож байсан.
-Гаалийн албыг хүмүүс авлигад идэгдсэн гэж ярьдаг. 27 жилийн турш энэ албанд зүтгэхдээ хэр их авлигын эд хөрөнгө амлуулж байв?
-Тиймэрхүү зүйл гардаг л юм. Гэхдээ би тангараг өргөсөн төрийн албан хаагч хүн учраас тийм зүйлээс холуур явах ёстой хүн. 1993 онд манай дарга ““Эрдэнэт”-ийн гаалийн өр авлага барагдахгүй байна. 1978-1993 онд хуримтлагдсан 10 гаруй жилийн тэр өр ширийг цэгцэл” гэж хэлээд “Эрдэнэт”-ийн гаалийн даргаар намайг томилж байсан юм. Намайг ажил авах үед санхүүгийнхэн дагаж очиж, нэг тэрбум 600 сая төгрөгийн өрийг төсөвт оруулах дүгнэлт гаргаж байсан. Би энэ мөнгийг жилийн дөрвөн улиралдаа хувааж, төлүүлэх саналыг “Эрдэнэт”-ийн удирдлагуудад тавьж, нэг улиралд 400 сая төгрөгийг барагдуулахаар тохиролцсон юм. Хугацаандаа мөнгө өгөхгүй бол вагоныг нь оруулахгүй барьчихдаг ажлыг хагас жил хийлээ. Гэтэл тухайн үеийн “Эрдэнэт”-ийн дарга нь намайг өрөөндөө нэг өдөр дуудаад “Өнгөрсөн хугацаанд чамд энэ өрний 800 саяыг өглөө. Үлдсэн 800 саяыг өгмөөргүй байна. Чамд гурван өрөө байр өгье. Тэгээд энэ ажлаа зогсоо” гэж байна. Би хариуд нь “Надад гурван өрөө байр чинь хэрэггүй. Би үлдсэн 800 сая төгрөгийг улсын төсөвт оруулах үүрэгтэй хүн” гэж хэлж байсан. Гэтэл үүнээс болоод “Эрдэнэт”-ийн даргын бие хамгаалагч нар нь намайг бас цохиж, хоёр хавиргаа хугалж байсан. Энэ мэтээр өр, авлагаа авах гэж нэлээд юм болж 1.6 тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулсан даа. Үүний хариуд “Эрдэнэт”-ийн гааль дээр контортой болгож өгч байлаа. Тухайн үед манай алба вагончикт байдаг байсан болохоор хөлдчих гээд их хэцүү. Тэр далимандаа бас ажлынхаа “УАЗ-469 машинаа “фургон” болгож сайжруулж авч билээ. Манай ажилчид “УАЗ-469” машиндаа багтддаггүй, давхралдаж суугаад байнга замын цагдаад торгуулдаг байсан юм. Замын цагдаа нь ч гаалийнхан гээд дургүй тул байнга зам тосож торгодог байсан.
-Зарим боомт дээр ажиллах нөхцөл их хүнд юм билээ. Тэглээ гээд нэмэгдэл энэ тэр ч байдаггүй юм билээ?
-Бид ч нутаггүй цагаан зээр аятай л тушаал өгсөн газар руу л явдаг хүмүүс шүү дээ, бид. Шивээ хүрэнгийн боомт дээр тал талаасаа бөөн хүнд даацийн машин цуглаж, тоос босгосон газар л байдаг. Гэхдээ ч нэг үеэ бодоход одоо гайгүй болжээ. Одоо тэнд ажилчдын байр бариад гайгүй болж байгаа гэсэн. Түүнээс амьдрахад бэрх газар шүү дээ.
-Гааль гэхээр л хүмүүс авлига авдаг хүмүүс мэтээр санаж ярих юм. Та энэ салбарт 30 шахам жил ажилласан хүний хувьд гаальчдыгаа хэр сайн үүргээ биелүүлж байна гэж хардаг вэ?
-Ачаалал ихсэх тусам бид уг нь аль болох хурдан үйлчилдэг. Гэтэл хүмүүс ачаалал эхлэхээр тэглээ, ингэлээ гээд асуудал үүсгэнэ. Дээрээс нь хүмүүсээс зөрчил илэрнэ. Түүнийг нь арилгахаар ажиллахаар л хүнд суртал гаргалаа гэх юм. Уг нь бид цаг наргүй, нойр хоолгүй л ажилладаг хүмүүс шүү дээ. Гааль хүнд сурталтай гэж хүмүүс ярих бүрт би ”Үйлчлэх тусам хүмүүс ингэх юм. Хэцүү алба шүү” гэж боддог. Муу, сайн хэлэгдэж их л явлаа. Хорвоо эрээнтэй бараантай гэдэг шиг сайн, муу хүн холилдоод л явж байгаа байх. Миний хувьд 27 жилийн турш аль болохгүй байгаа газар л дуудагдаж ажилласан. Хятадууд хил хаах болохоор бүх хүнээ чихээд хилийн зааг дээр хүмүүсийг орхидог. Бид тэр хүмүүсээ хүлээж авахгүй бол болдоггүй. Гэтэл нэг удаа Хавиргын боомт дээр шөнө 23.00 цагт хамгийн сүүлийн хүнээ оруулахаар хүчилсэн чинь зугтаж яваад байхаар нь шалгатал шуудайны ёроолд канистртай спирт хийгээд дээрээс нь гурил хийсэн байсан. Есөн тонн спиртыг нь хураагаад авсан чинь канистртай спиртүүдээ авч, шидээд газраар нэг урсгасан. Тэгснээ хорлох гэж байгаа юм шиг шүдэнз зураад, баахан гал авахуулчихаж билээ. Үүнээс нь болж хураасан спиртээс 20 гаруй тонн дутсан. Гэтэл маргааш нь гэрийнхээ үүдэнд спиртээ хураалгасан хүмүүс бас барьж авч зодоод, тархинд хүнд гэмтэл учруулсан. Шүүхээс нь хэргийг минь хэрэгсэхгүй болгож байлаа. Энэ мэт юм их болно. Ямар сайндаа л Замын-Үүдэд ажилладаг байх даа ажлаасаа буугаад хот руу ирэх дээ вокзал дээр бууж чаддаггүй “Амгалан” дээр бууж харьдаг байсан. Вокзал дээр буухаар нутгийн индианууд зодчих гээд байдаг байлаа. Их л олон хүний дургүйг хүргэж, хаа явсан газраа цохиулчих гэж 27 жилийг өнгөрөөлөө дөө. Гэхдээ төр түмнийхээ төлөө зүтгэсэн болохоор харамсаж үзээгүй. Эргээд дурсахад сайхан байдаг юм.
-Том том зөрчил илрүүлэхээр шагнал, урамшуулал их авах уу. Ийм систем хангалтгүй болохоор гаалийнхан маань “авлигач” гэдэг нэр зүүгээд байна уу?
-Зөрчил их илэрнэ. Бид үүргээ л биелүүлж байгаа болохоор тийм зүйл байхгүй.
-Таныхаар төрийн албан хаагч гэж ямар хүнийг хэлэх вэ?
-Төрөөс тогтоосон дүрэм журмаа дээдлэж, баримталж чаддаг хүнийг л хэлэх болов уу. Ярилцлагынхаа төгсгөлд шинээр гаалийн албанд орж ажиллаж буй залуус маань хуучин хүмүүсээсээ ихийг сураарай гэж хэлмээр байна. Би анх энэ албанд орж байхдаа даргыгаа зүгээр суулгадаггүй байлаа. Ямар том зөрчлийг яаж илрүүлж байсан бэ гээд л ам, хэлийг нь сугалчих дөхдөг байсан юм. Үүний хүчинд вагоны аль хэсэгт хүмүүс юу нуудаг, ямар шинж тэмдэг илэрдэг гээд л олон зүйлийг мэдэж, түүнийгээ туршиж үзэн, ажилдаа урамшдаг байлаа. Та бүхэндээ амжилт хүсье.
С.Энхзаяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ