АТГ-ын бүтэц, орон тоог шинэчлэхээр боллоо

img

УИХ-ын үдээс өмнөх нэгдсэн чуулганы эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Шүүхийн багц хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Хуралдааны эхэнд Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн эрх зүйн байдлын тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж, Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. Дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэх үеэр УИХ-ын дэд дарга Н.Энхболд хэд хэдэн хуулийн төслүүдийг хэлэлцэхээр чуулганы үдийн завсарлагыг 30 минутаар ухраах санал гаргаж, гишүүдийн дэмжлэгийг авсан юм. Үүний дараа Санхүүгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Сэргээн босголт, зээлийн банк хооронд байгуулсан "Эрчим хүчний үр ашиг II төсөл"-ийн Зээлийн болон төслийн хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Сэргээн босголт, зээлийн банк хооронд байгуулсан Улаанбаатар хотын хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор бүс нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх төслийн Нэмэлт зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм. Дээрх хуулийн төслүүдийн хүрээнд эрчим хүчний үр ашиг төслөөр 8,5 сая евро, Улаанбаатар хотын хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор бүс нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх төслөөр 4,5 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийг тус тус авах аж. Уг асуудлаар санал гаргах, үг хэлэх гишүүн байсангүй. Хуулийг соёрхон батлах тухай Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны саналыг гишүүдийн 80 хувь дэмжин баталсан юм. Үүний дараа Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулсан Санхүүгийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Гэмтэл согогийн шинэ эмнэлэг барих хөрөнгийг энэ төслийн хүрээнд тусгажээ. Зээл хэрэгжүүлэх хугацаа 20 жил, хүү нь 0,73 хувь юм байна. Хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжлээ. Мөн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүд дэмжигдсэн юм. УИХ-ын баасан гарагийн үдээс өмнөх хуралдааны төгсгөлд Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд гишүүдийн 75.6 хувийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ. Тавдугаар сарын 1-нээс эхэлж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор АТГ-ын бүтэц орон тоог шинэчлэх, бас өргөжүүлэх шаардлага тулгарч байна гэж тус газраас үзэн, дээрх төслийг мэдүүлсэн байна. Төсөлд зааснаар АТГ-ыг 145 албан хаагчтай байхаар заажээ. Эл хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт тавьж, санал хэлэх гишүүн байсангүй, тиймээс анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм.  Үүний дараа Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн болон Иргэний бүртгэл, мэдээллийн улсын сангийн мэдээллийг ашиглах, иргэний үнэмлэхийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцээд гишүүдийн 93.6 хувийн саналаар анхны хэлэлцүүлгээр тогтоолыг баталлаа. У.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Авлига байгаа болохоор л АТГ томорч байгаа.Ингэж тэмцэхгүй бол зогсохгүй.
2012-05-19
Авилгал судлаач Үнэнбүрэн:
монголд улаанбаатар хотын прокурор шүүхийнхэн, мөн дүүргүүдийн шүүх, прокурорынхан шиг гэмт хэрэгтнүүдээс байнга хахууль, авилгал авдаг хүмүүс монголд байхгүй. монголд авилгалыг жинхэнэ загалмайлагчид бол шүүх, прокурорын эрх мэдэлтнүүд. Захын иргэн үүнийг мэддэг, ярьдаг. Одоо энхбаярыг шүүх гэж байгаа юм байна. Гайхалтай үйл явдал болохнээ. Учир нь АВИЛГАЧИД Авилгачыг шүүх гэж байгаа нь гайхалтай бөгөөд эвсэлгүй, зэвүү хүрмээр, ой гутмаар ёстой Нямдоржийн хэлснээр дорвинкдомоор явдал болж байна.
2012-05-19
зочин:
Сонгуулийн өмнө Ашигт малтмалын хуулинд стратегийн ордын 34 хувийг төр эзэмшинэ гэсэн заалтыг анх санаачилсан гишүүн,намын бүлэг,санал өгсөн байдлыг нийтэд ил болгосон хүнийг 1500 долларын шагнал хүлээж байна......
2012-05-19
я:
Яаая аймаар том ногоон малгатнууд мэндэлэх нь байна шд
2012-05-18