
Нацү башёгийн 13 дахь өдөр Саданофүжиг өвдөг шороодуулснаар Кёкүтэнхо Н.Цэвэгням мэргэжлийн сүмогийн 800 дахь ялалтаа байгууллаа. Тэрээр тэмцээний зургаадахь өдрөөс эхлэн найм дараалан ялж 10 ялалт-3 ялагдалтайгаар тэргүүлэгчдийн эгнээнд багтах болсон юм. Н.Цэвэгням озэки Кисеносато, экс сэкивакэ Точиозан нарын хамтаар 10-3-аар өнгөлж, 9-4-тэй их аварга Хакүхо, маэгашира Окиноүми, Аоияма нар удаалж явна. Ийнхүү сүүлчийн хоёр өдрийн барилдаанд хэн одтой, азтай барилдсан бөх эзэн хааны цом өргөхөөр болж байх шиг.
Энэ сарын тэмцээнд маэгаширагийн 7-ноос босч байгаа, 38 настай Кёкүтэнхо Н.Цэвэгням 1992 оны гуравдугаар сараас мэргэжлийн сүмод хүч сорьсон бөгөөд өдгөө сүмогийн ертөнцөд хамгийн ахмад бөхийн тоонд багтан буй. Тэрээр 121 башёд барилдан 1584 барилдаан хийхдээ 800 удаа ялж, 784 удаа дийлдэн, 22 барилдааныг өнжжээ. Үүнээс дээд зиндаанд одоогоор 80 башёг өнгөрөөж, 1183 удаа барилдахдаа 570-613-15 гэсэн үзүүлэлттэй байна. Сэкивакэ цолыг гурван удаа, комүсүби цолыг есөн удаа хүртэж байсан ажээ.
Б.Цагаан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ