Хоршоодын хохирогчийн мөнгийг татвараар төлөх үү
Өндөр хүү, найдвартай байдал амлан гарч ирсэн хадгаламж зээлийн хоршоод шил шилээ даран дампуурсан хэрэг таван жилийн өмнө болсон. Дампуурсан хадгаламж зээлийн хоршоодын хохирогчид гэх иргэдийн 50 хувийн хохирлыг 2007 онд эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр төр барагдуулсан. Эхлээд 33 тэрбум төгрөг, 2010 онд 2,1 тэрбум, 2011 онд 1,1 тэрбум нийт 36 тэрбум төгрөг төрөөс гаргуулсан. Өөрөөр хэлбэл татвар төлөгч бидний мөнгийг ашиг хонжоо хайж мөнгөө алдсан хэсэг бүлэг хүмүүст өгсөн гэсэн үг. Хэдийгээр эргэн төлөгдөх нөхцөлтэй ч тэр нь хэдэн жилийн дараа эргэн төлөгдөнө.
Дээрх 36 тэрбум төгрөг нь хоёр идэж хоосон хонохгүйгээр амьдрах гэсэн манай улсын иргэдийн хэдэн жилийн татварын мөнгө. Гэтэл хохирогчид дахиад л үлдсэн 50 хувийг төрөөс барагдуулах хуулийн заалт оруул хэмээн сонгуулийн өмнө шахалт үзүүлж байна.Гэтэл цалингаас өөр орлогогүй татвар төлөгч иргэд төлсөн татвараараа эрүүл мэндийн даатгалынхаа төлбөрийг бүрэн төлүүлж чадахгүй байгаа. Татвар төлөгч нэг удаа эмчилгээ хийлгэхэд төр тэдний татварын мөнгөний 30 хувийг л буцаан олгодог. Тэд төлсөн татвараа бүрэн авна хэмээн элдэв зарга үүсгэдэггүй. Уг нь хууль хяналтын байгууллагаас Хадгаламж зээлийн хоршооны хохирогчдод холбогдох хэргийг тодорхой түвшинд шийдвэрлэж байгаа юм. Тухайлбал Улсын Ерөнхий прокурорын тушаалаар шүүхээр хянан шийдвэрлэгдсэн хадгаламж зээлийн хоршооны хэргийг хянаж, судалгаа гаргах, ажлын хэсэг байгуулан ажиллуулсан. Уг ажлын хэсэгт ахлагчаар Улсын Ерөнхий прокурорын ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан туслах Г.Эрдэнэбат, нарийн бичгийн даргаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор П.Зориг, гишүүдэд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Гэрэлтуяа, Ц.Өлзийжаргал, Сүхбаатар дүүргийн орлогч прокурор Н.Найгалдорж, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Онон, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Цэцэгмаа, Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Цэцэгмаа нарын прокурорууд ажилласан байна. Ажлын хэсэг нь хадгаламж зээлийн хоршоодын хэргийг шалгаж шийдвэрлэсэн байдал болон уг хэргийн хохирогчдын хохирлыг нөхөн төлүүлэх ажиллагааны явц байдалд шалгалт явуулж уг хэргийн шийдвэрлэлт, хохирол төлүүлэх ажиллагаанд учирч буй бэрхшээл, түүний шалтгаан нөхцөл, мөрдөн байцаалтын ажиллагаа болон шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагааны явцад гарсан зөрчил, дутагдал зэргийг шалган илрүүлж хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын хохиролыг нөхөн төлүүлэх ажиллагааг эрчимжүүлэх, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорын гаргасан хууль бус үйл ажиллагаа, зөрчлийг арилган зөвтгүүлэх, буруутай албан тушаалтанд хариуцлага тооцох асуудлыг шалгажээ.Ажлын хэсэг шалгалтын дүнг Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх зөвлөлөөр 2011 оны арванхоёрдугаар сарын 06-ны өдөр хэлэлцэж хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын хохирлыг нөхөн төлүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар цаашид авах арга хэмжээ, хадгаламж зээлийн хоршооны зарим хэргийг сэргээж хохирлыг буруу тооцсон, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад гарсан зарим зөрчлийг арилгах, зөвтгүүлэх, гэмт хэргийн шинжтэй зарим үйлдлийг эрүүгийн хэрэг үүсгэн шалгах талаар шийдвэр гаргалаа. Цаашид гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбоотой асуудлыг онцгой анхаарч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, ял эдлүүлэх ажиллагаанд тавих прокурорын хяналтыг сайжруулах, албан үүргээ хангалтгүй биелүүлж, гэмт хэргийн улмаас хохирсон иргэдийн эрх ашгийг хөсөрдүүлсэн прокурор болон түүний хяналтад үйл ажиллагаа явуулдаг байгууллага, албан тушаалтан бүртэй хариуцлага тооцож ажиллахыг холбогдох албан тушаалтан үүрэг болгосон байна.Хадгаламж зээлийн хоршооны хэргийн шийдвэрлэлт, хохирол төлүүлэлтийн байдлыг судлах явцад ажлын хэсгээс зарим шаардлагатай арга хэмжээ авсаны үр дүнд нэг тэрбум орчим төгрөг хохирогчдод олгогдож 2.2 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн олгох ажиллагаа хийгдэх боломжтой болсон талаар албаны эх сурвалжууд мэдээлж байна.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ