
УИХ-ын нэгдсэн чуулган завсарлах дөхсөнтэй холбоотойгоор хэлэлцэх асуудлуудыг шуурхайлж эхэллээ. Энэ утгаараа УИХ-ын дэд дарга Г.Батхүүгийн даргалсан хуралдаан маш шуурхай явагдсан юм.
Хуралдааны явцад хэлэлцэж буй асуудлаар гишүүд хууль, тогтоолын төсөл санаачлагчдаас асуулт асууж саналаа хэлэх тал дээр төдийлөн идэвхитэй байсангүй. Энэ нь чуулганы хуралдаан ирэх долоо хоногт завсарлах тул гишүүд зайлшгүй хэлэлцэн шийдвэрлэх шаардлагатай болон зарчмын санал нэгдсэн төслүүдийг урагшлуулах хэрэгтэй гэсэн байр сууринд саналаа нэгтгэсэнтэй холбоотой юм.
Хуралдаанаар гаргасан шийдвэрүүдийг дор нийтлэж байна.
1. Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн болон "Иргэний бүртгэл, мэдээллийн улсын сангийн мэдээллийг ашиглах, иргэний үнэмлэхийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг горимын саналаар анхны хэлэлцүүлгээр батлав.
2. "Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг горимын саналаар анхны хэлэлцүүлгээр батлав.
3. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг горимын саналаар анхны хэлэлцүүлгээр батлав.
4. Монгол Улсын 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл анхны хэлэлцүүлгийг хийж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
5. Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг горимын саналаар анхны хэлэлцүүлгээр батлав.
6. . Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг горимын саналаар анхны хэлэлцүүлгээр батлав.
7. "Монгол Улсын төрөөс баримтлах соёлын бодлогыг шинэчлэн батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлэв.
8. "Зарим байгалийн цогцолборт газрын хилийн заагт өөрчлөлт оруулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг горимын саналаар анхны хэлэлцүүлгээр батлав.
9. Зарим газар нутгийг Улсын тусгай хамгаалалтад авах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлэв.
10. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.
11. Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар нараас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулатын байнгын хороонд шилжүүлэв.
12. Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав.
13. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай, Иргэний бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Онц байдлын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.
14. Нэр бүхий 12 гишүүнээс өргөн барьсан, Монгол Улсын Эрүүгийн (Төрөлжсөн) хуулийн төсөл, Монгол Улсын Эрүүгийн (Төрөлжсөн) хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд Хууль зүйн байнгын хорооны гишүүдийн хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх татгалзсанаар асуудлыг дахин Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэж чуулганы хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тус тус шийдвэрлэлээ.
У.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ