
Монгол цэрэг Энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхлэсний 10 жилийн түүхт ойн хүрээнд БХЯ, ЗХЖШ, ЦДБЭЧ хамтран цэргийн алба хаагчдын дунд энхийг сахиулагчдыг алдаршуулах “Хийморь өөдөө монгол цэрэг” тэмцээн, хөгжмийн зохиолчдын дунд жагсаалын дууны уралдааныг зохион байгууллаа.
Хурд хүч, авхаалж самбаа, авьяас билэг, мэдлэг оюунаараа өрсөлдсөн тус тэмцээнд Зэвсэгт хүчний долоон анги, байгууллагын баг тамирчид оролцсон байна. Тэмцээний тэргүүн байрыг хоёр дахь элитийн батальон гэгддэг Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн “Хүчит шонхор” баг, удаахи байрыг тусгай томилолтын батальон 084 дүгээр ангийн “Тэнгэрийн хөвгүүд” баг, гуравдугаар байрыг Сургалтын нэгдсэн төв 311 дүгээр ангийн “Таван толгойн таван халуун” баг, тусгай байрыг анхдагч элитийн батальон 150 дугаар ангийн “Энхийн элч” баг тус тус шалгарчээ.
Түүнчлэн жагсаалын дууны уралдаанд 50 гаруй хөгжмийн зохиолч, яруу найрагчид хөгжмийн аялгуугаа уралдуулснаас СТА, бэлтгэл хурандаа Г.Ганбатын үг, ЦДБЭЧ-ын хормейстр, дэслэгч О.Эрдэнэцогийн аялгуу “Дэлхийд данстай монгол цэрэг” дуу тэргүүн байрыг эзэлжээ. Удаах байрыг дууны яруу найргийн мастер, СГЗ Ч.Дагвадоржийн шүлэг, АЖ П.Хаянхярваагийн хөгжим “Дэлхийн цэрэг энхийг сахиулагчид” дуу, гуравдугаар байрыг Н.Чулууны шүлэг, Ш.Өлзийбаярын хөгжим “Энхийг сахиулагч” дуу эзэлсэн байна. Тэргүүн байр эзэлсэн дууг Ардын жүжигчин Ө.Баярмагнай дуулсан бөгөөд энэ дуугаа удахгүй дүрсжүүлэх аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ