“Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн баримт бичиг”-ийг хэлэлцүүлэв

img

Тавдугаар сард Улсын Их Хурлаас Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчлэн найруулгыг баталсны дагуу олон нийтээр дагаж мөрдөх дүрэм журмуудыг шинэчлэн мөрдөж ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд хийгдэж буй нэг ажил нь “Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн баримт бичиг”-ийн шинэчлэн боловсруулах ажил юм. Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газраас удирдан зэрэг мэргэжлүүдээр мэргэжлийн хөгжлийн зураглал”-ын шинэчлэн боловсруулсан төслийг хэлэлцүүллээ.

Уг хэлэлцүүлгийг ЭМЯ-ны Сургалт мэдээллийн төвийн “Б” танхимд 2011 оны 10 дугаар сарын 11-ний  өдөр эмнэлгийн байгууллагууд, анагаах ухааны боловсрол олгох сургуулиуд зэрэг оролцогч байгууллагуудын төлөөллийг оролцуулан зохион байгуулсан ба хэлэлцүүлэгт эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн асуудлаар бодлого боловсруулах, хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллагуудын төлөөлөл болох тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Баярт, газрын холбогдох мэргэжилтнүүд, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн хэлтсийн дарга Д.Баярмаа болон тус хэлтсийн мэргэжилтнүүд, ЭМШУИС-ийн Мэргэжил дээшлүүлэх институтын захирал Д.Зориг болон арга зүйч мэргэжилтнүүд, “Мамба дацан” Уламжлалт ангахаах ухааны дээд сургуулийн захирал Д.Нацагдорж болон тус яамны харьяа эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, аймгийн эрүүл мэндийн газар, дүүргийн эрүүл мэндийн байгууллагын хүний нөөц, сургалт хариуцсан ажилтнууд, эмнэлгийн мэргэжилтэн, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцов.

ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Баярт хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн баримт бичгийг анх 2008 онд Эрүүл мэндийн сайдын 113 тоот тушаалаар батлан мөрдөж ажилласан бөгөөд эрүүл мэндийн салбар нь Монгол улсын хэмжээнд мэргэжилтнийхээ хөгжлийн зураглалыг тодорхойлсон анхны салбар гэдгийг онцлон тэмдэглэсэн. Үүний дараа Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн С.Гантуяа, Д.Баярмаа нар “Хүний их эмч, сум, өрхийн эмч, уламжлалт анагаах ухааны их эмч, биоанагаахын мэргэжилтэн, сувилагч” зэрэг мэргэжлээр боловсруулсан эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зураглалын төслийг тус тус танилцуулав. Хэлэлцүүлэгт оролцогчид 3 бүлгээр ажиллаж, төсөлд тусгах нэмэлт саналуудыг нэгтгэн боловсруулж, бүлэг тус бүрээс гарсан саналыг тусгайлан танилцуулсан ба мөн эрүүл мэндийн салбарт шинээр гарч буй мэргэжлүүдээр хөгжлийн зураглалыг боловсруулан мөрдөх шаардлагатай талаар санал гарч байлаа. Уг хэлэлцүүлгээс гарсан саналыг тусган, “Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн баримт бичиг”-ийг ЭМЯ-ны дэргэдэх мэргэжлийн салбар зөвлөл, мэргэжлийн нийгэмлэг холбоодтой хамтран 2011 оны 11 дүгээр сард багтаан батлуулж эцэслэн боловсруулаж, мөрдүүлэхээр төлөвлөж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ