30 хүүхэд хордуулсан захиралд ял оноолоо
Ховд аймгийн Булган сум дахь Ерөнхий боловсролын нэгдүгээр дунд сургуулийн захирал Д.Баатарсүрэн, эмч М.Отгонбулаг, "Булган хөх хөтөл" ХХК-ийн захирал Н.Оюунхүү нарт тус аймгийн шүүхээс 2-5 жилийн хорих ял оноолоо.
Өнгөрөгч 2010 оны гуравдугаар сарын 19-ний өдөр тус сумын 12 жилийн нэгдүгээр дунд сургуульд "Үдийн цай" хөтөлбөрийг мөрдөх журам зөрчин "Напелион" торт үйлдвэрлэж худалдсанаас нэг хүүхэд хүнд, гурван хүүхэд хүндэвтэр, 27 хүүхэд хөнгөн гэмтэж хүнд хор уршиг учруулжээ.
Түүнчлэн Д.Баатарсүрэн Булган сумын ерөнхий боловсролын нэгдүгээр дунд сургуулийн захирлаар, яллагдагч М.Отгонбулаг нь тус сургуулийн бага эмчээр ажиллахдаа хууль тогтоомж, түүний дагуу гаргасан дүрэм, журмаар тодорхойлогдсон албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдон шалгагдсан байна.
Дээрх хүмүүст холбогдох хэргийг Ховд аймаг дахь сум дундын хоёрдугаар шүүх энэ сарын 14, 15 -ны өдрүүдэд хянан хэлэлцээд Н.Оюунхүүг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар шийтгэж, ялыг эмэгтэйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Мөн хорих М.Отгонбулагыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр, хоёр жилийн хорих ялаар шийтгэж, эмэгтэйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж уг ялын нэг жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзахаар, Д.Баатарсүрэнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт заасан хэргийг ЭБШХ-ийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийн 24.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ