С.Ламбаа Мари Баширтай уулзжээ

img

Эрүүл мэндийн сайд С.Ламбаа Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужийн захирагч хатагтай Мари Башир болон түүнийг дагалдан яваа төлөөлөгчдийг Эрүүл мэндийн яаман дээр хүлээн авч уулзлаа. Уулзалтанд Сидней их сургуулийн Анагаахын сургуулийн декан, профессор Брюс Робинсон болон БНСУ дахь Австралийн Элчин сайдын яамны албаны хүмүүс оролцов. Эрүүл мэндийн яамаас уулзалтанд Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Баярт, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн улс орнуудын хоёр талт харилцаа хариуцсан мэргэжилтэн Б.Туяа нар байлцав.

Уулзалтын эхэнд сайд С.Ламбаа Ерөнхий сайд С.Батболд Австрали улсад хийсэн айлчлалын үеэр Монгол Улсын эрүүл мэндийн салбарын боловсон хүчнийг бэхжүүлэхэд анхаарч, дэмжлэг үзүүлэхийг хүссэний дагуу хатагтай Мари Башир Монгол Улсад айлчилж байгаа явдалд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Монгол Улсаас тэр тундаа Эрүүл мэндийн яамнаас цөөнгүй тооны мэргэжилтэн магистрын зэрэг хамгаалахаар Австралид тус улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байгааг дурьдаад цаашид нарийн мэргэжлийн эмч нарыг төгсөлтийн дараах сургалтанд хамруулах нь нэн чухал ач холбогдолтой болох талаар ярилцаж, Сидней их сургуулид илүү олон хүнийг сургах санал тавьлаа. Хатагтай Мари Башир саналыг хүлээн авч, хамтран ажиллах бүхийд таатай бололцоог бүрдүүлж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Профессор Брюс Робинсон Монгол Улсын ЭМШУИС-ийн бакалаврын сургалтын хөтөлбөрт эмчийн ёс зүйн хичээлийг оруулж тус сургуультай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах гэж байгаагаа мэдэгдэв. Мөн Австралийн их сургуулиуд бакалаврийн боловсрол олгодог бөгөөд зөвхөн нийгмийн эрүүл мэнд, тархвар судлал, хүүхдийн өвчин судлал, мэс засал зэрэг цөөн чиглэлээр төгсөлтийн дараах болон магистрийн сургалт явуулдаг болох талаар тогтож ярьлаа. Австралийн Засгийн газраас хоёр төрлийн тэтгэлэгт хөтөлбөр явуулдаг бөгөөд үүний нэг нь төрийн албан хаагчдад зориулсан төрийн албаны чадавхийг сайжруулах зорилготой магистрын сургалт, нөгөө нь Австралийн олон улсын хөгжлийн агентлагаас Сидней их сургуультай хамтран залуу удирдагч нарт зориулсан 3-12 сарын хугацаатай мэргэжил дээшлүүлэх сургалтууд юм байна.

Сайд С.Ламбаа эмч, сувилагч болон нийт эмнэлгийн ажилтнуудын ёс зүйг дээшлүүлэх сургалт явуулах болон Монгол Улсад дутагдалтай байгаа нарийн мэргэжлийн эмч нарыг бэлтгэхэд Сидней их сургуультай хамтран ажиллах тухай харилцааг зохицуулсан хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан ажиллах санал дэвшүүлэв.

Хатагтай Мари Башир саналыг нааштай хүлээн авч Сидней их сургууль дээр зочилж сургалтын системийг назар дээр нь судлан хамтран ажиллах боломжтой болохыг хэллээ. Хатагтай Башир хүүхдийн сэтгэцийн эмгэг судлаачийн мэргэжилтэй хүний хувьд энэ талаар цаашид боловсон хүчин бэлтгэхэд туслах чин хүсэлтэй байгаа талаараа ярив. Тэрээр Австралийн олон улсын хөгжлийн агентлагаас залуу удирдагч нарт зориулсан сургалтын 2012 оны хөтөлбөрт Монгол Улсаас 3-5 хүн оролцох боломжтойг хэлээд англи хэлний мэдлэг өндөр, ирээдүйд удирдагч болж чадах хүмүүсийг сонгохын чухлыг онцоллоо. Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газраас дээрх саналуудыг ажил хэрэг болгох талаар ойрын хугацаанд арга хэмжээ авч ажиллахаа илэрхийлснээр уулзалт өндөрлөлөө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ