Сүхбаатарын талбайд маргааш амьд хөгжмийн фестиваль болно

img

Байгаль эхээ хайрлах, хамгаалах тухай дуу, уран бүтээлийг олон нийтэд хүргэх, энэ сэдвээр зохиогдсон шинэ бүтээлийг дэмжин дэлгэрүүлэхээр БОАЖЯ-наас санаачлан “Экотон-2012” амьд хөгжмийн фестивалийг маргааш Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болжээ. Тус фестивальд Lego, Бэрд, UFO, Hotspot, Gang & Daisy, Memories of Tale, Арга билэг, Crossroad, Outlaw, Моханик, Gee vs Jonon, The Colors, Vatame нарын 13 хамтлаг дуучид оролцох юм.   Эдгээр хамтлаг, дуучид дуу хуураараа дамжуулан байгаль хамгааллын асуудалд олон нийт болон залуу үеийнхнийг нэгдэхийг уриалах ажээ. Мөн тус  фестивалийг дэмжин Киви, Лемонс хамтлаг, дуучин Сэрчмаа, Quiza нар ая дуугаа өргөн, ногоон хөгжлийн төлөө нэгдэж буйгаа илэрхийлнэ.   Тоглолтын дараа тодорхой заасан хугацаанд гар утаснаас ирсэн олон нийтийн саналын тоогоор фестивальд оролцогчдоос шилдгийг шалгаруулах бөгөөд төгсгөлд нь “Дэлхий ээж” дууг бүх хамтлаг дуучид А-sound хамтлагтай хамтдаа дуулах аж. Тус уралдааны тэргүүн байрт шалгарсан хамтлаг, дуучинд “Дэлхий ээж”  дууг дуулах эрхийг олгох юм байна.   Сүхбаатарын талбайд 19.00 цагт эхлэх уг уралдаант шоу тоглолтыг UBS телевиз орон даяар болон интернетээр шууд дамжуулах бөгөөд  Нийслэлийн нутгийн зөвлөл, Аматун продакшн хамтран ажиллаж байгаа аж.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ