
Таван Греммийн эзэн, дэлхий даяар цомог нь 130 сая хувь борлуулагдаж байсан Донна Саммер 63 насандаа Флорида дахь байшиндаа гэр бүлийнхнээрээ хүрээлүүлэн нас нөгчжээ.
Тэрээр 70, 80аад оны “Hot stuff”, "Last Dance", "She Works Hard for the Money" зэрэг хит дуугаараа алдартай.
АНУ-ын Бостон хотод төрж өссөн тэрээр сүмийн найрал дуунд дуулдаг байжээ. Харин урлагийн гараагаа Германаас эхэлсэн юм. Түүнд амжилт авчирсан дуу нь 1975 онд гаргасан "Love to Love You Baby" нэртэй байлаа. Цаашлан "Last Dance," "Hot Stuff" болон "Dim All the Lights" зэрэг дуунуудаараа диско хөгжмийн эринийг байлдан дагуулсан. Таван Греммийн шагнал хүртэн, цаашлан 12 номинацид нэр дэвшиж байсан Донна Саммер 1979 онд “Hot Stuff” дуугаараа шилдэг гоцлол рок дуу номинациар рок категорит Гремми авсан анхны хар арьст дуучин болж байсан юм. Долли Партон, Элтон Жонн, Мери Жей Блайж зэрэг одууд түүний хоолойны чадвар болон хөгжмийн салбарт оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлсэн байна. Диско хөгжмийн хамгийн алдартай оддын нэг Саммер нь синтипоп урсгал болон дууны бүжгийн хэсгүүдэд томоохон хувьсал хийсэн нэгэн юм.
Н.Эдди
СЭТГЭГДЭЛ БИЧИХ