АНУ Мьянмарт тавьсан хоригоо зөөлрүүлнэ

img

АНУ-аас Мьянмарт тавьсан хоригоо зөөлрүүлэх талаар Клинтон мэдэгдэл хийлээ. Гэхдээ хоригийг бүрмөсөн цуцлахгүй. Цэргийн эрхтнүүд төрийн эрхэнд гарснаас болж Мьянмар улсад  олон орнууд хориг тавьж, олон улсын хүрээнд тусгаарлагдсан байсан билээ. Пүрэв гаригт, АНУ Мьянмартай харилцаагаа шинэ шатанд аваачиж, хөрөнгө оруулалтын хориг арга хэмжээгээ зөөлрүүлэхээр боллоо. Мөн ардчилсан шинэчлэл хийснийх нь төлөө 22 жилийн дараа анх удаа АНУ-ын бүрэн эрхт төлөөлөгчөө  томилох гэж байна. Төрийн Нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Америкийн талаас Мьянмарын эдийн засгийн бүх секторт үзүүлж байсан санхүүгийн үйлчилгээ, хөрөнгө оруулалтын хоригийг түдгэлзүүлэхээ мэдэгдлээ. Клинтон Мьянмарын гадаад явдлын яамны сайд Вунна Маун Лвинтэй Вашингтон хотод уулзсаныхаа дараа  АНУ-ын компаниуд ямар нэг асуудал, тэр дундаа хүний эрх зөрчигдөхөөс сэргийлэх арга хэмжээ авах төлөвтэй байгаагаа хэлсэн юм. Хоригийг зөөлрүүлэхээр болсон ч, пүүсүүд Мьянмарын цэргийн хүчинтэй холбоотой газруудтай бизнес хийх нь хориотой хэвээр байна. Мьянмарын ардчилсан хувьсгал дөнгөж эхний шатандаа явж байгаа учир одоохондоо хоригоо бүр мөсөн цуцлахгүй гэж Цагаан ордноос мэдэгдсэн байна. Клинтон үүнийгээ “даатгалын бодлого” гэж тодорхойлсон юм. Мьянмарын сөрөг намын удирдагч Ан Сан Сү Кьюгийн парламентэд сонгогдсон явдал нь барууны орнуудыг хатуу хоригоо буцаан авахад нөлөөлсөн билээ. Мьянмар нь авторитар засагтай болсноор  бусад орнуудаас тусгаарлагдсан байсан юм. Н.Эдди

СЭТГЭГДЭЛ БИЧИХ