Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлжээ

img

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 66 дугаар чуулганы 2 дугаар хорооны 17-ны өдрийн хуралдаанаар ядуурлыг устгах, хөгжилд гүйцэтгэх эмэгтэйчүүдийн үүрэг, хүний нөөцийн хөгжлийн асуудлыг авч хэлэлцжээ.  Энэхүү асуудлаарх ЕНБД-ын илтгэлд ядууралтай тэмцэх хамгийн оновчтой арга замаар нийгмийн хамгааллын наад захын үйлчилгээг нийт иргэнд хүртээлтэй болгох, зохистой ажлын байрыг нэмэгдүүлэхийг онцолсон байна. Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч О.Энхцэцэг үг хэлж, ядууралтай тэмцэх талаар манай улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар мэдээлжээ. Хуралдаанд оролцсон төлөөлөгчид дэлхийн хэмжээнд нэн ядуу хүний тоо 1,5 тэрбум байгааг бууруулах нь хүн төрөлхтний хамгийн том сорилт болж байгаа хийгээд сүүлийн жилүүдэд гарсан дэлхийн санхүү, эдийн засаг, хүнсний болон нийгмийн бусад хямрал дээрх байдалд нэрмээс болж, баян хоосны ялгаа, тэгш бус байдал улам гүнзгийрч буйг  тэмдэглэсэн байна. Ажлын байр бий болгоход чиглэсэн бодлогын зөвлөмж бүхий “Ажлын байртай болгох даян дэлхийн пакт” (Global Jobs Pact)-ыг хэрэгжүүлэхийг төлөөлөгчид дэмжиж, түүнд олон улсын дэмжлэг үзүүлэхийг уриалжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ