
Хойд хөршийн Хабаровск хотноо ЗХУ-ын баатар Константин Коротковын нэрэмжит боксын олон улсын тэмцээн дөрөв дэх удаагаа зохиогдон 15 орны тамирчид өрсөлдлөө. Манай улсаас Лондоны олимпийн эрх аваад байгаа дөрвөн боксчин ҮШБ-ийн ахлах дасгалжуулагч Д.Ганзоригийн удирдлага дор оролцов.
52 кг-ийн хагас шигшээ тоглолтод дэлхийн аварга, олимпийн мөнгөн медальт П.Сэрдамба залуу тамирчин Я.Наливайкод 9:10-аар нэг оноогоор ялагдан хүрэл медаль хүртлээ. 56 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт Н.Төгсцогт эхний даваанд Украины Д.Саласенког буулган авч, хагас шигшээд Оросын В.Мирзаевтай гурван үеийн турш шилдэг тоглолт харуулсан ч орос залуу 16:14-өөр ялалтыг авчээ. 69 кг-д Азийн АШТ-ий мөнгөн медальт Б.Түвшинбат нутгийн боксчин Ф.Чеботаревийг 8:4-өөр ялж медалийн болзол хангаад, Украины В.Константиновт дийлдэн бас хүрэл дээр буусан байна.

Харин 64 кг-д ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга У.Мөнх-Эрдэнэ эхний тоглолтдоо Германы А.Дасчанд 9:14-өөр ялагджээ.
Ц.Ганбат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ