Байгал орчин, аялал жуучлалын яам нээлттэй ажиллана
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны “Нээлттэй хаалганы өдөр” өнөөдөр 14.00-18.00 цагт Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана. “Нээлттэй хаалганы өдөр”-т БОАЖЯ, түүний харьяа агентлагууд, үндэсний хороод, төсөл хөтөлбөрүүд өөр өөрсдийн чиглэлээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажлаа олон нийтэд дэлгэн танилцуулна.
Мөн байгаль орчин, аялал жуулчлалын салбарын бүх нэгжийн бодлого, зорилтын хэрэгжилтийн танилцуулга мэдээлэл, сургалт сурталчилгаа нээлттэй явагдаж, тухайн салбаруудад ашиглаж буй техник, тоног төхөөрөмжүүдийг олонд танилцуулж, зарим сонирхолтой туршилт хэмжилтүүд явуулахаар болжээ. Түүнчлэн БОАЖЯ-ны дэмжлэгээр бүтээгдсэн эко 00, түлшний хэмнэлттэй бүрэн шаталттай сайжруулсан зуух, монгол гэрийн дулаалга, гэрийн үүдний амбаар, хагас коксжуулсан нүүрс, бусад түлш, хийн халаагуур, хогны машин, дуобус автобус гэх зэрэг монгол хүний ур ухаан шингэн бүтсэн шилдэг бүтээлүүдийг дэлгэн танилцуулах юм байна.
Мөн аялал жуулчлалын зуны улирлын брэндийн танилцуулга, гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний сурталчилгаа, БОАЖ-ын салбарт олон улсын байгууллага, хандивлагч орнуудын тусламжаар хэрэгжүүлж буй төслүүд, байгаль орчны төрийн бус байгууллагууд, улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаадын үйл ажиллагааны төрөлжсөн танилцуулга мэдээлэл нээлттэй байна.
Дээрх салбаруудын бодлогыг танилцуулсан төрөлжсөн гарын авлага материалууд, сургалтууд, байгаль, түүний баялгийн тухай, зүй бус ашиглалтын үр дагаврын тухай баримтат кино бүтээлүүдийг ч нийтэд хүргэх гэнэ. Түүнчлэн БОАЖ-ын салбарын “Нээлттэй хаалганы өдөр”-т хүрэлцэн ирсэн иргэд, зочдод “Алтан ураг”, “Монгол эгшиглэн” хамтлагууд уран бүтээлийн дээжээ, Торго салоныхон хувцасны үзүүлбэрээ толилуулахаар болжээ.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ