Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч гэм буруугаа шүүлгэнэ

Улсын мөрдөн байцаах газар болон Авлигатай тэмцэх газрын хамтарсан Ажлын хэсэг экс Ерөнхийлөгчид холбогдох хэрэгт мөрдлөгө явуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт зааснаар 2011 оны нэгдүгээр сарын 20-нд эрүүгийн хэрэг үүсгэсэн юм.
АТГ-аас экс Ерөнхийлөгчид холбогдох хэргийн талаар албан ёсны тайлбарт дурдаснаар 2007 оны наймдугаар сард “Өргөө” зочид буудал Нийслэлийн өмчит үйлдвэрийн газарт хөрөнгө оруулалт хийлгэж хамтарсан компани байгуулах асуудлыг НИТХ дээр хэлэлцсэн аж. Улмаар тухайн үеийн Засаг даргад хөрөнгө оруулах аж ахуйн нэгжүүдийг төсөл сонгон шалгаруулах журмаар “Өргөө” зочид буудал НӨҮГ-ыг хамтарсан үйлдвэр болгох чиглэл өгч байсан аж.
Гэтэл тухайн үеийн нийслэлийн Засаг дарга НИТХ-аас өгсөн чиглэлийг зөрчиж, нэг сая төгрөгийн дүрмийн сантай, нэг гишүүнтэй байгуулагдаад арав хонож байсан “Хар дун” хэмээх компанид тухайн үеийн 605 сая төгрөгийн үнэлгээтэй байсан “Өргөө” зочид буудлын 75 хувийг эзэмшүүлэхээр шийдсэн гэнэ. Энэ шийдвэрийн улмаас тухайн обьектийг 137 сая төгрөгөөр үнэгүйдүүлсэн гэж үзсэн байна. “Хар дун” хэмээх компанийн захирал нь Б.Хуяг нь Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхад нь түүний шадар туслах байсан Б.Тулгын төрсөн ах юм байна.
“Өргөө” зочид буудлын 75 хувийг эзэмшсэний дараагаар 2007 оны аравдугаар сарын 5-ны өдөр ” Ремиф ” компанийн захирал Энхбаярын хүү Батшугар нь тушаал гаргаж ” Ремиф ” компанийн охин болгох шийдвэр гаргасан. Ингээд захирлаар нь Б.Хуягыг томилжээ. Гэтэл хэргийг шалгах явцад Б.Хуяг нь гадаад руу оргон зайлсан бөгөөд өнөөг хүртэл хаана байгаа нь тодорхойгүй байгаа аж. Түүнчлэн яллагдагч Н.Энхбаярыг шалгах болсон хоёр дахь үндэслэл нь Улаанбаатар таймс” сонины хувьчлалтай холбоотой асуудал.
“Улаанбаатар таймс” сониныг менежментийн хувьчлалаар хувьчилсан ч хувьчилж авсан баг нь өөрөө үүргээ гүйцэтгээгүй. Их хэмжээний өр төлбөртэй байхад Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2008 оны есдүгээр сарын 8-ны өдрийн 75 тоот тогтоол гарч, “Улаанбаатар таймс” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг менежментийн багт дахин үнэлгээ хийхгүйгээр гэрээнд заасан 369.7 сая төгрөгөөр худалдах шийдвэр гаргажээ. Уг обьект тухайн үед 2.1 тэрбум төгрөгийн үнэтэй байсан. Гэтэл дахин үнэлгээ хийлгэлгүй маш бага үнээр худалдсан байна.
Мөн уг обьект маш их өртэй байхад буюу менежментийн баг үүргээ гүйцэтгээгүй байхад нь бусдад худалдсан байдаг. Д.Чулуунбаатар ахлагчтай баг уг “Улаанбаатар таймс” нийслэлийн өмчит газрыг худалдаж авсан гэнэ.
Ингээд анхны үнэлсэн 369.7 сая төгрөг тухайн үеийн үнэлгээ 2.1 тэрбум төгрөг хоёрыг харьцуулахад 1.7 тэрбум төгрөгөөр обьектүүдийг үнэгүйдүүлсэн байна. “Улаанбаатар таймс” нийслэлийн өмчит газрыг хувьчлахдаа Н.Энхтуяа буюу Н.Энхбаярын төрсөн дүүгийн “NT” холдинг гэдэг компаниас 500 сая төгрөгийг хөрөнгө оруулалт хэлбэрээр аваад өөрсдөө 49 хувийг нь эзэмшихээр болсон аж. Мөн “NT” холдинг компани нь 2010 онд Н.Энхбаярын үүсгэн байгуулсан “Сгор” компанид шилжсэн. Мөн Н.Энхбаяр УИХ дахь намын цөөнхийн бүлгийн ахлагчаар ажиллаж байхдаа 2000 оны хоёрдугаар сард Япон улсын Киото хотод төвтэй Буддын шашны байгууллагын зохион байгуулсан арга хэмжээнд оролцжээ.
Энэ арга хэмжээний үеэр Японы талаас Монгол Улсад бурхны шашныг сурталчлах зорилгоор телевизийн 11 төрлийн 43 ширхэг нийт 113 мянган ам.долларын үнэлгээтэй телевизийн тоног төхөөрөмжийг бэлэглэсэн юм байна.
Энэ тоног төхөөрөмжийг Н.Энхбаяр тухайн үед Гандантэгчинлэн хийдэд хүлээлгэж өгөлгүйгээр өөртөө завшиж, улмаар ТВ-9 телевизийг үүсгэн байгуулсан зэрэг нь хууль зөрчсөн эрүүгийн шинжтэй үйлдлүүд байсан гэж үзсэн байна. Тиймээс түүнийг эрүүгийн хэрэгт холбогдуулан жил гаруй хугацаанд шалгаж холбогдох хууль хяналтын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн хэргийг нь шүүх рүү шилжүүлээд байгаа юм. Түүнийг буруутай эсэхийг энэ сарын 24-ний өдөр анхан шатны шүүх хэлэлцэнэ.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ