“Голланд өвчин”-өөс урьдчилан сэргийлэх зэрэг асуудлыг тоймлон хэлэлцэнэ
Монгол улс НҮБ-д элссэний 50 жилийн ойн хүрээнд Засгийн газраас зохион байгуулж буй арга хэмжээний талаар Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар хэвлэлийн бага хуралд дараах мэдээллийг хийжээ. “Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллага /НҮБ/-д элссэний 50 жилийн ой 2011 оны 10 дугаар сарын 27-нд тохионо. Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, дэлхийн улс орнуудын хөгжлийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд голлох үүрэг бүхий НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр Монгол Улс 1961 онд элссэн нь улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлаа хангаж, олон улсын нэр хүнд, байр сууриа бэхжүүлэхийн зэрэгцээ, НҮБ-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, хувь нэмрээ оруулах, тусламж дэмжлэг авах өргөн боломжийг нээж өгсөн. Тэмдэглэлт ойг угтах, тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулж Ерөнхий сайдаар ахлуулсан үндэсний хороог 2011 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 59 тоот Засгийн газрын тогтоолоор байгуулан ажиллаж байна. Ойг тэмдэглэхдээ Монгол, НҮБ-ын хамтын ажиллагааны үр дүнг олон нийтэд сурталчлах, цаашдын зорилтоо тодотгох, чингэхдээ НҮБ болон түүний системийн байгууллагын удирдлагыг Улаанбаатарт айлчлуулах, манай улсын эрх ашиг, бодлогын тэргүүлэх чиглэлээр олон улсын хурал, өндөр түвшний зөвлөлдөх уулзалтыг өргөнөөр зохион байгуулахаар төлөвлөн хэрэгжүүлж байна. Тухайлбал, Парис болон Нью-Йорк хотноо НҮБ-ын Төв байранд Монгол Монгол Улс НҮБ-д элссэн өдөр /10 дугаар 27/-т зориулж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн бүгд хуралдааны танхимд зохион байгуулдаг НҮБ-ын уламжлалт концертоор хөөмий, морин хуур, уртын дуу зэрэг монгол ардын язгуур урлаг, соёлыг НҮБ-ын бүх гишүүн орнуудад сурталчлах, Монгол, НҮБ-ын хамтын ажиллагааны түүхэн фото зургийн үзэсгэлэнг НҮБ-ын Төв байранд гаргахаар ажиллаж байна. Түүнчлэн 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “Монгол НҮБ-ын хамтын ажиллагаа” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал, Нээлттэй хаалганы өдрийг ГХЯ-нд зохион байгуулна. Эл арга хэмжээний хүрээнд Монгол, НҮБ-ын хамтын ажиллагааны түүхийг харуулсан фото зургийн үзэсгэлэн гаргаж, “Монгол Улсын гадаад бодлого ба НҮБ” сэдэвт 100 асуулт, хариултын уралдааны дүнг шалгаруулах, 50 жилийн ойд зориулсан маркийн нээлтийг хийхээр мөн төлөвлөж байна. Мөн 50 жилийн ойн хүрээнд НҮБ болон түүний системийн байгууллагын удирдлагыг төлөөлж НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Захирагч Хелен Кларк 10 дугаар сарын 18-21-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Захирагч Хелен Кларкийн Монгол Улсад хийх албан ёсны айлчлал Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ойг тэмдэглэх хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Хелен Кларк 2011 оны 10 дугаар сарын 18-21-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Хелен Кларк Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод бараалхаж, Монгол Улс, НҮБ-ын хоорондын харилцаа, хамтын ажиллагаа, Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилт, “2012-2016 онд НҮБ-аас Монгол Улсад үзүүлэх хөгжлийн тусламж зэрэг асуудлаар санал солилцоно. Мөн тэрээр Монгол Улсын Шадар сайд, Сангийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Гадаад харилцааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны удирдлагатай уулзаж, НҮБХХ-өөс Монгол Улсад үзүүлж буй хөгжлийн тусламж, төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, цаашдын зорилтын талаар ярилцаж, тохироно. Айлчлалын хүрээнд тэрээр Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран зохион байгуулах “Олборлох үйлдвэрлэлийг хүний хөгжилд чиглүүлэн удирдах нь” сэдэвт олон улсын бага хурлын нээлтэд оролцоно. Олон улсын бага хурлаар байгалийн баялгаа зохистой ашиглахад чиглэсэн макро-эдийн засаг, хүний хөгжлийн бодлогын уялдааг хангах, менежментийг сайжруулах, тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэх талаар тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, өөр хоорондоо туршлага солилцох, эл чиглэлд хандивлагч орнуудын дэмжлэг туслалцааг авах асуудлаар сэдэвчилсэн хэлэлцүүлгийг өрнүүлэх юм. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Хелен Кларк 2009 онд НҮБХХ-ийн Захирагчаар томилогдон ажиллаж байгаа ба анхны эмэгтэй захирагч юм. НҮБХХ-ийн захирагчаар томилогдон ажиллахаас өмнө тэрээр Шинэ Зеланд Улсын Ерөнхий сайдаар 9 жил ажилласан. “Олборлох үйлдвэрлэлийг хүний хөгжилд чиглүүлэн удирдах нь” олон улсын бага хурлын тухай Манай улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн тэргүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй олборлох үйлдвэрлэлийн салбарын асуудлаар “Олборлох үйлдвэрлэлийг хүний хөгжилд чиглүүлэн удирдах нь” сэдэвт олон улсын Бага хурлыг Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ)-тэй хамтран 2011 оны 10 дугаар сарын 20-21-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Бага хурлыг Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ойг тэмдэглэх, НҮБХХ-ийн Захирагчийн Монгол Улсад хийх албан ёсны айлчлалын хүрээнд зохион байгуулж байгаа болно. Бага хурлаар байгалийн баялгаа зохистой ашиглахад чиглэсэн макро-эдийн засаг, хүний хөгжлийн бодлогын уялдааг хангах, менежментийг сайжруулах, тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэх талаар тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, өөр хоорондоо туршлага солилцох, эл чиглэлд хандивлагч орнуудын дэмжлэг туслалцааг авах асуудлаар сэдэвчилсэн хэлэлцүүлэг өрнүүлнэ. Бага хуралд 20 гаруй улсын төлөөлөл, түүний дотор салбар хариуцсан сайдын түвшинд төлөөлөгч оролцохоос гадна олон улсын байгууллага, эрдэм шинжилгээний нэр хүн бүхий байгууллага, дэлхийн уул уурхайн компани, төрийн бус байгууллагаас өндөр хэмжээний 100 гаруй төлөөлөгчид оролцох юм. Бага хурлын нээлт болон түүний үндсэн үйл ажиллагааг НҮБ-ын интернет хуудсаар шууд дамжуулна. Энэ нь Монгол Улсыг сурталчлахын зэрэгцээ бага хурлын талаарх мэдээллийг дэлхийн аль ч улсаас танилцах боломжийг хангаж байгаагаараа чухал ач холбогдолтой юм. Бага хурлыг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, НҮБХХ-ийн Захирагч Хелен Кларк нээнэ. Бага хурлын үеэр дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд: 1) “Байгалийн баялаг ихтэй улс орнуудын давуу тал болон тулгарч буй бэрхшээл” сэдвээр болох хурлаар байгалийн баялгаас орох орлогыг хүний хөгжилд зориулах бодлогын талаар тухайлсан улсын туршлага дээр тулгуурлан хэлэлцүүлэг өрнүүлнэ. Сэдэв нь ядуурал, тэгш бус байдлыг арилгах, хүний хөгжлийг хангах болон түүхийн эдийн олборлолт хоорондын харилцааны талаарх дэлхийн чиг хандлагыг авч үзнэ. Мөн түүхийн эдийг хөгжлийн зорилтууд, тухайлбал, нийгмийн халамж, дэд бүтцийн хөрөнгө оруулалт, бэлэн мөнгө тараах зэрэг хөтөлбөрт зарцуулж буй туршлагын талаар улс орнуудаас тавих илтгэлийг хэлэлцэнэ. 2) “Эрдэс баялгийн орлогыг хүний хөгжилд зориулах нь” хурлаар байгалийн баялгаас орох орлогыг хүний хөгжилд зориулах бодлогын талаар тухайлсан улсын туршлага дээр тулгуурлан хэлэлцүүлэг өрнүүлнэ. Сэдэв нь ядуурал, тэгш бус байдлыг арилгах, хүний хөгжлийг хангах болон түүхийн эдийн олборлолт хоорондын харилцааны талаарх дэлхийн чиг хандлагыг авч үзнэ. Мөн түүхийн эдийг хөгжлийн зорилтууд, тухайлбал, нийгмийн халамж, дэд бүтцийн хөрөнгө оруулалт, тэтгэмж олгох зэрэг хөтөлбөрт зарцуулж буй туршлагын талаар улс орнуудаас тавих илтгэлийг хэлэлцэнэ. 3) “Баялгаас орох орлогыг нэмэгдүүлэх, түүний удирдлага” сэдвээр болох хурлаар олборлолтоос үүдсэн орлогыг засгийн газрын зүгээс хуримтлуулах буюу нэмэгдүүлэхэд туслахад чиглэсэн бодлого, үйл ажиллагаа, тухайлбал, санхүүгийн тусгай байгууллагуудын үйл ажиллагаа, ирээдүй хойч үед зориулан үүсгэх хуримтлал зэрэг асуудлыг хэлэлцэнэ. 4) “Олборлолт, хүний хөгжил, зөрчилдөөн” сэдвийн хүрээнд болох хурлаар байгалийн баялаг болон нийгмийн халамжийн уялдаа, тухайлбал, уул уурхайн бүтээгдэхүүнийг хүний хөгжилд зарцуулах арга зам, аливаа зөрчилдөөн үүсгэх эрсдлийг бууруулах зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Эдгээр зөрчилдөөнийг бууруулах эдийн засгийн арга замыг мөн хэлэлцэнэ. 5) “Түүхий эдийн менежмент, зөрчилдөөнийг бууруулах засаглал хийгээд байгууллагуудын чиг хандлага” хурлаар аливаа түхийн эдийн менежментийг зөрчилдөөн, түний дотор авилгаас зайлсхийхэд засаглал, байгууллагуудын чиг хандлагыг тодорхойлоход оршино. Олборлох үйлдвэрлэлээс үүдсэн аливаа зөрчилдөөнийг бүтцийн болон олон нийтийн түвшинд бууруулах арга замыг хэлэлцэнэ. Хуралдаанд тухайлсан орны туршлага дээр суурилсан илтгэлийг хэлэлцэхээс гадна засаглалыг сайжруулах, зөрчилдөөнөөс урьдчилан сэргийлэхэд хувийн хэвшлийн гүйцэтгэх үүргийг мөн хэлэлцэнэ. 6) “Олборлох үйлдвэрлэлийн байгаль орчин, нийгэмд үзүүлж буй үр дагавар” зэрэг сэдвээр болох хурлаар эрдэс баялгийн олборлолтоос байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөлөл, сөрөг үр дагаврыг арилгахад чиглэсэн засгийн газар, бусад байгууллагын бодлого, үйл ажиллагаа, түүний дотор байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөллийн дүн шинжилгээний талаарх засгийн газрын туршлага, чадавхийг дээшлүүлэх асуудал зэргийг хэлэлцэнэ. 7) “Голланд өвчин, эдийн засгийн бүтцийн өөрчлөлт, байгалийн баялагтай орнуудын хувьд олон тулгуурт эдийн засгийг бий болгох нь” асуудлын хүрээнд байгалийн баялгийн орлого нь огцом өсөлтийг бий болгодог боловч худалдаатай холбоотой эдийн засгийн бусад салбарын орлогыг бууруулдаг талаар мөн “Голланд өвчин”-ий нөлөөгөөр дотоод валютын ханш чангарч улмаар худалдаалагдах бараа бүтээгдэхий үнийг нэмэгдүүлэх буюу өрсөлдөх чадваргүй болгодог тул түүнээс урьдчилан сэргийлэх зэрэг асуудлыг тоймлон хэлэлцэхээс гадна түүний эсрэг бодлого, тухайлбал, олон тулгуурт эдийн засгийг бий болгох, ханшны менежментийг тусгай арга хэмжээ авч хэрэгжүүлсэн улс орнуудын туршлагыг хэлэлцэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ