Ус, ойн асуудлаар олон улсын шинэ бүтэц бүхий байгууллага хэрэгтэй байна

img

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар “Ус ба ойн тогтвортой менежмент” сэдэвт Ази, Европын уулзалтын Байгаль орчны сайд нарын IV уулзалт  төрийн ордонд боллоо. Уулзалтыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлэхдээ “Энэ хуралдаан Рио+20 гэж яригддаг, сүүлийн 20 жилд тогтвортой хөгжлийн асуудлаар дэлхийд болох гэж байгаа хамгийн том дээд хэмжээний уулзалтын өмнө Монгол оронд болж байгаагаараа маш их онцлог юм. Уг асуудлаар манай оронд болж буй энэхүү хуралдаанаас тодорхой шийдлүүд гарна гэдэгт би итгэж байгаа. Монгол Улсын хувьд бусад улс оронд заах сургах зүйл байхгүй. Харин бидэнд энэ асуудалтай холбоотой хуваалцах сургамж, туршлага бий. Дэлхий дахинд заналхийлж буй цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтөд Монгол хамгийн ихээр өртөж байгаа орон. Дээрээс нь хүн амын суурьшил, уул уурхайн эрчимтэй хөгжлөөс үүдээд өнөөдөр Монгол Улсад байгаль орчны асуудал хамгийн чухал асуудал болж тавигдаж байна. Тэгэхээр энэ асуудалд олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг хандуулах нь бидний гол зорилго. Бидэнд бас хийж чадах ажлууд байгаа. Үүнийг манай БОАЖ-ын сайд та бүхэнтэй нарийвчлан хуваалцах байх гэж бодож байгаа. Энд нэгэн санал санаачилгын шинжтэй зүйлийг хэлэх нь зөв байх. Ер нь ус, ойн менежментийн асуудлаар олон улсын байгууллага, олон улсын бүтэц хэрэгтэй юм шиг санагддаг. Усгүй ой гэж байхгүй. Ойгүй ус гэж байхгүй. Тэгэхээр ирээдүйд хүн төрөлхтөнд тулгамдах гурван асуудал байгаа гэж бид ярьдаг. Эрчим хүч, хүнс, усны асуудал. Эрчим хүчийг бид сэргээгдэх болон бусад зүйлээс нөхөж болно. Хүнсийг бас нөхөж болох байх. Усны асуудал бол нөхөхөд хамгийн бэрх. Нөхөх боломж байгаа ч хамгийн их өртөгтэй. Ийм учраас ус, ойн асуудал дээр Global United nations on forestry and water security гэж би нэрлээд байгаа нэг ийм бүтэц бий болгох шаардлагатай гэж үзэж байна. Дээр нь ус, ойн асуудлаар олон улсын хуулийн гэрээ хэлэлцээр, конвенц /legally binding agreement гэж би ярьдаг/-ийн хэмжээний шийдэлд хүрч ажиллах цаг болсон юм биш үү гэсэн санал хэлэх нь зөв байх. Оролцогчид Ази, Европт ижил төстэй бэрхшээл байгааг дурдахын сацуу Ази тивд хүн амын өсөлт, хотжилтын явцтай холбоотой усны эрүүл ахуй, усны хомсдол, усны хэмнэлттэй хэрэглээ, ус цэвэршүүлэлт, дахин ашиглалт, ундааны усны хангалт, чанар  зэрэг олон асуудал тулгамдаад буйг онцолж байлаа. Мөн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор Ази тивд үер, далайн хар салхи, ган гачиг зэрэг байгалийн аюул гамшиг улам их нүүрлэж болжээ.  Энэ бүхэн хүнс, ундааны усны хангамж, эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлж байна. Ой мод бол уснаас салгах аргагүй асуудал. Тиймээс нөхөн ойжуулах, хэрэглээг зүй зохистой болгоход илүү анхаарах хэрэгтэйг тэд онцлон тэмдэглээд өдгөө жилдээ дэлхийд 30 сая га ой устаж буйг дурдсан юм. Хэлэлцсэн асуудлаар оролцогчид хоёр болон олон талын хамтын ажиллагааг Ази, Европт, мөн тив хооронд өргөжүүлэн хөгжүүлэх, харилцан мэдлэг, туршлагаа хуваалцах, шинэ технологи солилцох, иргэдээ чадавхжуулах сургалт зохион байгуулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг түлхүү авах, хил дамнасан усны нөөцөө гэрээ хэлэлцээрээр тохирон зүй зохистой ашиглах, ундааны усны чанарыг сайжруулах, хэрэглээг хэмнэх, нөхөн ойжуулалтыг эрчимжүүлэх, тогтвортой менежментийг бий болгох, ногоон эдийн засгийг дэмжихэд улс бүр онцгой анхаарах шаардлагатай чухалчлан ярьж байлаа. Энэ уулзалт удахгүй болох Рио+20-ын хэлэлцэх асуудалд оруулах саналаа хоёр тивийн сайд нар шүүн тунгаах сайхан боломж олгов. У.Жигүүр    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

AD:
Usnii asuudlaar negdsen neg barimt bichig baix shaardlaga xiigeed bolomj baixugi dee. UN-iin gol murun xiigeed usan ongotsoor teever xiix tuxai erx zuin barin bichgiig bolovruulax gej 15 jil bolson batlagdsan xernee odoo xurtel xunchin tuguldur boloogui baina.
2012-05-22