Чөлөөт бөхийнхөн хилийн чанадад

img

Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийнхан ойрын өдрүүдэд эзгүй, хилийн чанадад яваа. Эмэгтэй багийнхан Японы Токиод энэ долоо хоногийн сүүлчээр болох шилдэг найман баг оролцсон Дэлхийн цомын тэмцээний өмнө тэнд очиж бэлтгэлээ базааж буй. ҮШБ-ийн ахлах дасгалжуулагч А.Цэдэнсодном болон гавьяат дасгалжуулагч З.Дүвчин, Т.Сүхбаатар нар бөхчүүдээ харийн дэвжээнд дахин нэг удаа сорихоор авч очоод байгаа юм. Багийн бүрэлдэхүүнд Лондоны олимпийн эрхээ авчирсан О.Насанбурмаа, Д.Отгонцэцэг, С.Бямбацэрэн нараас гадна дэлхийн аварга С.Батцэцэг, ДАШТ-ий хүрэл медальт Б.Одончимэг нарын манай шилдэг бөхчүүдийн ихэнх нь багтсан ажээ. Харин Лондоны олимпийн эрх авсан эрэгтэй дөрвөн жингийн бөхчүүд энэ үеэр хойд хөршид бэлтгэл сургуулилтаа базааж явна. ҮШБ-ийн дасгалжуулагч Ц.Баярсайхан, Б.Баяраа нарын удирдсан тус багт Монгол Улсын гавьяат тамирчин Б.Наранбаатар, олон улсын хэмжээний мастер Ж.Чулуунбат, П.Өнөрбат, О.Үйтүмэн, Д.Гомбодорж, Д.Хүдэрбулга, залуу мастер Э.Бэхбаяр нар ОХУ-ын Красноярск хотноо хамтарсан бэлтгэл хийж байгаад тавдугаар сарын 25-нд эх орондоо ирэхээр төлөвлөсөн юм. Шигшээ багийн бусад бөхчүүд тавдугаар сарын 25-27-нд Энэтхэгийн Делид болох “Хари Рам” олон улсын гранпри тэмцээнд оролцохоор эх орноосоо мордож байна. Б.Цагаанбаатар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ