Амьд үлдсэн гал сөнөөгч А.Болорсүхийг БНСУ-руу авч явлаа
Дорнод аймгийн Баяндун суманд энэ сарын 4-ний өдөр гарсан түймрийг унтрааж явсан Онцгой байдлын таван албан хаагч галд өртөж, гурав нь газар дээрээ амьсгал хураасан харамсалтай хэрэг гарсан билээ. Амьд үлдсэн хоёр албан хаагчийг ГССҮТ-д хүргэн эрчимт эмчилгээнд оруулаад байсан юм. Харамсалтай нь өчигдөр өглөө 09.20 минутад ахлах ахлагч Гунгаагийн Багабиш түлэгдэлтийн улмаас үүссэн шархаа дийлэлгүй амьсгал хураасан аж. Уг нь түүнийг амьд үлдсэн Авирмэдийн Болорсүхийн хамтаар БНСУ-д эмчилгээнд явуулахаар бэлдэж байжээ.
Өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, албан үүргээ мөр зэрэгцэн гүйцэтгэж явсан нөхдийнхөө дундаас ганцаараа амьд үлдээд байгаа Авирмэдийн Болорсүхийг өнөөдөр 18.00 цагт БНСУ-ын Сөүл хотын эмнэлэгт томоохон мэс засалд оруулахаар авч явлаа. Түүнийг төрөл төрөгсөд нь болон ОБЕГ-ын холбогдох албан тушаалтан “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудлаас гаргаж өгсөн юм. Түүнд арьс шилжүүлэн суулгах мэс засал хийх бөгөөд манай улсад донорын болон хууль эрхзүйн үндэслэл бүрдээгүй тул түүнийг ийнхүү БНСУ-руу явуулж байгаа юм.
Н.Ариунаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ