Орон нутгийн сонгуулийн хуулийн төслийг хэлэлцэнэ

img

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр 09.30 цагаас Төрийн ордны "А" танхимд эхэлнэ. Хуралдаанаар Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэсэн төсөл, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар нараас өргөн мэдүүлсэн төслийн анхны хэлэлцүүлэгийг хийнэ. Мөн  Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд / Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр нараас өргөн мэдүүлсэний  эцсийн хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөөд байна. У.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Авто тээврийн бүтцэд өөрчлөлт оруулах сайдын саналыг ТӨХ хууль бус гэжээ Авто тээврийн газар гэх нүсэр бүтэцтэй байгууллага бий. Замын цагдаагийн газраас олгодог байсан автомашины улсын дугаарыг тус байгууллагын мэдэлд өгч ачааллыг нь нэмсэн. Гэтэл хэд хоногийн өмнө тус газрын хэдэн байцаагч азтай дугаар наймаалж байгаад цагдаагийнханд баригдсан асуудалтай байгаа. Тус газрынхныг автомашины улсын дугаар наймаалдаг гэж ярьцгаадаг ч үгүйсгэсээр ирсэн. Харин саяхан булхай нь ил болсон юм. Тэгтэл өнгөрсөн сарын сүүлчээр Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж Авто тээврийн газрын бүтцийг өргөтгөж, Засгийн газрын агентлагийн хэмжээнд хүргэх санал гаргажээ. Тухайлбал "Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт зохицуулалтын алба" улсын төсөвт үйлдвэрийн газрыг Авто тээврийн газрын бүтцэд оруулах саналыг Төрийн өмчийн хороо (ТӨХ)-нд хүргүүлсэн байна. Ингэхдээ тус улсын өмчит үйлдвэрийн газрын дүрмийг шинэчлэн найруулсан аж. "Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт зохицуулалтын алба улсын төсөвт үйлдвэрийг нь 2009 онд Засгийн газрын тогтоолоор байгуулсан. Тус газар нь Автотээврийн тухай хуулиар олгогдсон эрх, үүргийнхээ дагуу тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, оношлогоо хийж, стандартын шаардлага хангасан бол замын хөдөлгөөнд оролцох эрхийн гэрчилгээ олгодог. Улаанбаатар хотын Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан оношлогооны төвүүд болон 21 аймагт салбартай аж. Мөн улс, хот хоорондын зорчигч, ачаа тээвэрлэлтийн аж ахуйн чиглэлийн ажил, үйлчилгээг зохицуулан зохион байгуулан ажиллаж байна. Ийм том бүтэцтэй улсын үйлдвэрийн газрыг Авто тээврийн газрын бүтцэд оруулж Ц.Дашдорж сайд дүрмийг өөрчлөхдөө бүх эрх мэдлийг Засгийн газарт биш Авто тээврийн газарт өгчээ. Тухайлбал, тус үйлдвэрийн газрын захирлыг Засгийн газрын гишүүн томилдог байсныг өөрчилж, Авто тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга томилж, чөлөөлж байх санал оруулжээ. Мөн 400 гаруй ажилтантай үйлдвэрийн газрын бүтэц зохион байгуулалт, орон тооны дээд хязгаарыг ч Авто тээврийн газрын дарга шийдэж байхаар болгожээ. Одоо бол Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт зохицуулалтын алба" улсын төсөвт үйлдвэрийн бүтиийг Засгийн газар баталдаг юм байна. Шинэчлэн найруулсан дээрх дүрмийн төслийг Ц.Дашдорж сайд өнгөрсөн сарын 23-нд Төрийн өмчийн хороонд хүргүүлсэн аж. Хариуд нь Төрийн өмчийн хороо Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын шийдвэрийг хууль бус гэж дүгнэжээ. Учир нь Засгийн газрын 2008 оны арванхоёрдугаар сарын 24-ний 64 дүгээр тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газрыг байгуулахдаа "Харьяа яам, агентлаг болон төвийн дэргэд байгуулагдан аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа үйлдвэр, үйлчилгээний нэгжийг аж ахуйн тооцоот улсын үйлдвэрийн газар болгон өөрчлөх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Засгийн газрын холбогдох гишүүд болон Төрийн өмчийн хороонд даалгана" гэжээ. Мөн Авто тээврийн газрын орон тооны дээд хязгаарыг 64 гэж тогтоосон байна. Гэтэл Авто тээврийн газар өдгөө 130 гаруй ажилтантай аж. Дээр нь 411 ажиллагсадтай "Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт зохицуулалтын алба" улсын төсөвт үйлдвэрийг нэгтгэвэл Засгийн газрын тогтоолыг зөрчиж байгаа аж. Мөн бодлого боловсруулах чиглэлтэй агентлаг" аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрийг нэгтгэх нь хууль бус гэж үзжээ. Нөгөө талаар Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд гурван жилийн өмнө үйлдвэрийн газар байгуулах тухай асуудлыг Засгийн газарт оруулснаар "Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт зохицуулалтын алба" үйлдвэр байгуулж харьяа яамны сайд болон Төрийн өмчийн хороо хяналт тавьж байхаар болжээ. Тэр дагуу Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд тус үйлдвэрийн дүрмийг боловсруулж, Төрийн өмчийн хороо баталсан байна. Тус дүрэмд "Үйлдвэрийн газрын зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг Авто тээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална", "Үйлдвэрийн газрын захирлыг Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө" гэж заасан байна. Гэтэл Ц.Дашдорж сайдын санал нь Авто тээврийн тухай хууль болон Засгийн газрын дээрх тогтоолыг зөрчсөн байна гэж Төрийн өмчийн хороо дүгнэжээ. Авто тээврийн тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаар, Техникийн хяналтын үйл ажиллагааг эрхлэн явуулах байгууллага нь авто тээврийн асуудал эрхэлсэн яамны бүтцэд ажиллах тухай заажээ. Тиймээс Авто тээврийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах саналтай байгаа бол Засгийн газарт асуудлаа тавьж, хууль зөрчсөн шийдвэрүүдээ хэлэлцүүлж, залруул гэсэн хариуг Төрийн өмчийн хороо өгсөн байна.
2012-05-23