
Энэ сарын 17-23-ны өдрүүдэд Бангкок хотноо Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 68 дугаар чуулган болж байгаа. Энэ чуулган манай улсын төлөөлөгчдийг тэргүүлж байгаа Гадаад харилцааны Дэд сайд Г.Тэнгэр өчигдөр АЗНДЭЗНК-ын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ноэлин Хэйзертэй уулзжээ. Энэ талаар Гадаад харилцааны яамны цахим хуудаст мэдээлжээ.
Дэд сайд Г.Тэнгэр Монгол Улс нийгэм, эдийн засгийн өсөлтийг хангах, Үндэсний хөгжлийн цогц бодлогоо хэрэгжүүлэх үүднээс бүс нутгийн орнуудтай хамтран ажиллах, бүс нутгийн зах зээлд байр сууриа бэхжүүлэх, АНДЭЗНК-ын үйл ажиллагаанд чухал ач холбогдол өгдгийг тэмдэглээд, Комиссын 68 дугаар чуулганыг “Ази, Номхон далайн бүс нутагт эдийн засгийн интеграцийг гүнзгийрүүлэх нь” сэдвийн хүрээнд явагдаж буйг сайшааж байгаа илэрхийлсэн байна.
Тэрээр мөн Комиссын нарийн бичгийн дарга нарын газраас эрхлэн гаргасан “Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн 2012 оны тойм судалгаа”-нд дэлхий нийтэд үүсээд буй эдийн засгийн хүндрэл бэрхшээлээс Ази, Номхон далайн бүс нутаг урьдчилан сэргийлэх чиглэлээр бодит үнэлгээ, дүгнэлт гаргаж, цаашид авах арга хэмжээний талаар зөвлөмж дэвшүүлснийг манай Засгийн газар талархан хүлээн авч буйг онцложээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ