Шилдэг офицерууд өрсөлдөнө

img

Таван толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд  өнөөдрөөс  эхлэн Батлан хамгаалахын сайдын нэрэмжит Зэвсэгт хүчний шилдэг офицер, ахлагч шалгаруулах тэмцээн болно.

Зэвсэгт хүчний офицер, ахлагч нарын мэргэжлийн ур чадвар, бие бялдар, сэтгэл зүйн чадавхийг шалгах, цэргийн хөдөлмөрийн онцлогийг сурталчлах зорилготой энэ тэмцээнд Зэвсэгт хүчний анги бүрээс нэг офицер, нэг ахлагч оролцох юм.

Энэ тэмцээн 60 км-ийн явган марш, онолын болон ур чадварын бэлтгэл, марш гүйлтийн тэмцээн гэсэн 3 үе шаттай явагдах бөгөөд байгалийн саад бүхий 60 км замыг өөрсдийн хэрэглэх хүнс, хувцас зэрэг 25 кг ачаатай  18 цагийн дотор туулна. Энэ үеэрээ байр зүйн зураг, байрлал тодорхойлох GPS багажийг ашиглан явах бөгөөд шүүгчийн өгсөн амьдрах ухаан, цэргийн тактик, цэргийн хэргийн чадварыг шалгах даалгаврыг гүйцэтгэнэ. Тэдний явган маршийн явцыг 10 км тутамд байх дундын хянагчид хянах гэнэ.

Тэмцээнд оролцож буй офицер, ахлагч нар дараа нь онолын болон ур чадварын мэдлэгээ цэргийн тактик, англи хэл, сэтгэн бодох чадвар (IQ)-ын бодлого, бие бялдрын бэлтгэлээр шалгуулах аж.

Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ