
Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдийг улс орны бүтээн байгуулалтад оролцоход дэмжлэг үзүүлэх “Зөгийн үүр” хөтөлбөрийг 2010 оноос эхлүүлсэн билээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд гадаадад сургууль төгсөөд эх орондоо ирж ажиллаж байгаа болон ажил хайж буй залууст тулгамдаж буй хэрэгцээт мэдээллээр хангах, төр, хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл, ажил олгогчидтой уулзуулах, санал бодлоо солилцох, нэгдсэн нэг ойлголцолд хүрэх боломжийг бүрдүүлэх, төр, хувийн хэвшил, иргэний түншлэл, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор уулзалт зохион байгуулна.
Уулзалт ярилцлага өнөөдөр Төр засгийн үйлчилгээний “Элит” цогцолборт 17.00 цагт эхэлнэ. Энэ удаагийн уулзалт ярилцлагаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Улс орны хөгжлийн ногоон загвар бодлого, дотоодын хөдөлмөрийн зах зээлээс нөхөгдөхгүй байгаа салбарын боловсон хүчний эрэлт хэрэгцээний талаар танилцуулна. Мөн Нийслэлийн хөдөлмөрийн газраас хэрэгжүүлж буй “Гадаадаас буцан ирэгсдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” хөтөлбөрөө танилцуулж, нийслэлийн хөдөлмөрийн бирж дээрх өндөр боловсрол, нарийн мэргэжил шаардсан ажлын байрны эрэлт хэрэгцээний талаар мэдээлэл өгөх юм байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ