Налайхад цэргийн хээрийн эмнэлэг үүдээ нээв

img

Налайх дүүргийн нутагт дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 137 дугаар ангид цэргийн хээрийн эмнэлэг үүдээ нээжээ. Энд газар хөдлөлтийн гамшиг тохиолдсон үед буюу улс орны хэмжээнд учирсан гамшгийн үед ард иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг шуурхай үзүүлэх явуулын эмнэлэг үзүүлэх сургуулилт хийж байгаа юм. “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах байнгын ажиллагаатай зөвлөл”-өөс болзошгүй гамшгийн үед бэлэн ажиллуулах цэргийн хээрийн эмнэлэг байгуулах зөвлөмж өгч байсан. Энэ  зөвлөмжийн хүрээнд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб бэлэн байдлаа хангасан эсэхтэй Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга М.Энхболд танилцлаа. Албаны хүмүүсийн хэлснээс үзвэл Налайх дүүргийн нутаг дэвсгэрт 1972 онд байгуулагдсан цэргийн аэродромийг шинэчилж, суулт өгсөн талбайг засч янзлан, хоёр талаасаа онгоц хүлээж авах боломжтой болгосон байна. 2800 метрийн урттай, 40 метрийн өргөнтэй уг аэродромын орчин тойрныг 1,5 тэрбум төгрөгөөр иж бүрэн гэрэлтүүлэгтэй болгосны зэрэгцээ нэг дор 100-150 зорчигч хүлээн авах хүчин чадалтай Аэровокзал барьж эхэлжээ. Аэродромыг тайван цагт ч иргэний зориулалтаар ашиглаж болох юм байна. Болзошгүй гамшгийн үед ойролцоогоор 10-15 мянган иргэнд эмнэлгийн түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэх цэргийн хээрийн эмнэлэгийн бэлэн байдлыг хангасан тухай холбогдох байгууллагын удирдлагууд мөн хэллээ. Цаашид хээрийн эмнэлгийг өргөжүүлэх, үйл ажиллагааны байнгын бэлэн байдалд байлгахын тулд хөрөнгө шаардлагатай байна. Тухайлбал техник, тоног төхөөрөмжийг нь сайжруулах, үйл ажиллагааг нь өргөжүүлэхэд шаардагдах нэг тэрбум төгрөгийг ирэх оны II улиралд багтаан шийдвэрлэх хэрэгтэй болжээ. Мөн  дэлхий нийтэд өргөнөөр ашиглаж байгаа тусгай зориулалтын автомашин дээр байрлуулсан хээрийн хөдөлгөөнт иж бүрэн эмнэлэг худалдан авах 18 сая ам.долларын хөрөнгийг 2014 оны улсын төсөвт тусгахад дэмжлэг үзүүлэхийг Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабынхан Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга М.Энхболдоос хүссэн байна. У.Жигүүр    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Niseh buudal geed Mongoloor bichij boldoggui yum uu. Bulingartaj duuslaa.
2012-05-23