Улсын тусгай хамгаалалттай газрыг нэмэгдүүллээ

img

УИХ-ын өчигдрийн чуулганаар Монгол Улсын байгаль орчны багц асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсний дагуу “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолыг хэлэлцэн баталлаа. Уг тогтоол батлагдсанаар Монгол Улсын ТХГН-ийн хэмжээ 1,5 сая га-гаар нэмэгдэж, нийт газар нутгийн 17 хувьд хүрчээ. Улсын тусгай хамгаалалтад авснаар тухайн газар нутагт хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон  байна. Харин тухайн хуулийн этгээдэд холбогдох хууль, журмын дагуу нөхөх олговрыг тооцож олгох аж.   Байгаль орчны тэнцэл, унаган төрхийг хадгалан хамгаалахад болон байгалийн аялал жуулчлал хөгжүүлэхэд ач холбогдол бүхий зарим газар нутгийг дор дурьдсан ангиллаар улсын тусгай хамгаалалтад авлаа. Үүнд:   -Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр, Төв аймгийн Эрдэнэ сумдын зарим хэсгийг Хан Хэнтийн дархан цаазат газрын хилийн заагт хамруулан дархан цаазат газрын ангиллаар;   -Баянхонгор аймгийн Жаргалант сумын нутагт орших Заг Байдрагийн голын эхэн сав нутаг, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нутагт орших Чигэртэйн голын ай сав нутаг Хэнтийн аймгийн Мөрөн сумын нутагт орших Өндөрхаан уулыг байгалийн цогцолборт газрын ангиллаар;   -Говь-Алтай аймгийн Халиун, Цээл сумдын нутгийг дамнан орших Хар Азаргын нурууг, Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын нутагт орших Хүрээмандал уулыг, Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Мөнххаан сумдын нутгийг дамнан орших Баянцагааны талыг, Хэнтий аймгийн Дархан сумын нутагт орших Дархан уулыг болон мөн аймгийн Дэлгэрхаан сумын нутагт орших Хэрлэн Тооно уулыг, Увс аймгийн Хяргас сумын нутагт орших Булганхангай уулыг байгалийн нөөц газрын ангиллаар;   -Увс аймгийн Давст сумын нутагт орших Мөнгөт Цахир уулыг, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт орших Дарханхаан уулыг, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт орших Хангал нуурыг, мөн аймгийн Батширээт сумын нутагт орших Биндэръяа хан уулыг байгалийн дурсгалт газрын ангиллаар тус тус шинээр авлаа.   Мөн байгалийн бүс, бүслүүрийн хэв шинжийг төлөөлж чадах ховор амьтан, ургамлын байршил, түүх, соёлын дурсгал бүхий нутаг Дундговь аймгийн Говь-Угтаал, Гурвансайхан сумдын нутагт орших Их газрын чулууны байгалийн нөөц газрын талбайн хэмжээг дээрх сумдын зарим газар нутгаар өргөтгөж ангилал дээшлүүлэн Их газрын чулууны байгалийн цогцолборт газар болгон өөрчилжээ.   Түүнчлэн Хан Хэнтийн дархан цаазат газрын хилийн заагийг шинэчилж, Их Газрын чулууны байгалийн цогцолборт газар, Заг Байдрагийн голын эхэн сав нутгийн байгалийн цогцолборт газар, Чигэртэйн голын ай сав нутгийн байгалийн цогцолборт газар, Өндөрхаан уулын байгалийн цогцолборт газрын хилийн заагийг тус тус баталлаа.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hvn:
ushuu dutuu bnaa hentii aimagiin dadal sumiig bas darhan tsaaztai bolgoh heregtei onon,balji,agats geh met tomoohon goloo hamgaalah heregtei sh deee
2012-05-24