
“Ардын засаг-Ард түмэнтэйгээ хамт” аяны хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яам болон харьяа агентлаг, байгууллагаас хамтран өнөөдөр Сүхбаатарын талбай дээр нээлттэй өдөрлөг зохион байгуулах юм байна.
13.00-17.00 цагийн хооронд болох уг өдөрлөгт Хууль зүй, дотоод хэргийн яам болон Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Хил хамгаалах ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газар гээд 12 байгууллага оролцож өнгөрсөн дөрвөн жилийн ажлаа ард түмэнд тайлагнах ажээ.
Мөн өдөрлөгийн үеэр иргэдэд төрийн зарим үйлчилгээг Сүхбаатарын талбай дээр шууд үзүүлэх юм байна. Тухайлбал, хууль зүйн зөвлөгөө өгөх, хуульчын сонгон шалгаруулалтын талаар мэдээлэл өгөх юм байна. Өмгөөлөл, нотариатын талаар мэдээлэл өгч, үнэгүй нотариатын үйлчилгээг ч үзүүлэхээр төлөвлөжээ.
Харьяа агентлаг бүр өөрийн чиглэлээр өргөдөл гомдол хүлээж авах бөгөөд архивын лавлагаа гаргаж өгөх, гадаад паспортын материал хүлээж авах, сунгах, лавлагаа өгөх, хорих ангид ял эдэлж буй ялтнуудын ар гэрийнхнийг утсаар холбоо бариулах гээд олон ажил хийхээр төлөвлөжээ. Мөн харьяа дүүргийнхээ бүртгэлийн газарт эд хөрөнгийн лавлагаа авахаар тодорхой хугацаанд хандсан иргэдэд лавлагааных нь хариуг нээлттэй өдөрлөгийн үеэр олгох юм байна.
У.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ