
Монгол Улсын Зэвсэгт Хүчин Энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 10 жилийн ойд зориулан Монгол цэргийн музейгээс “МОНГОЛ УЛС ЭНХИЙН ҮЙЛСЭД ” үзэсгэлэнг үзэгч олонд дэлгэн толилуулж байгаа ажээ.
Энэхүү үзэсгэлэнд Монгол Улс энхийг дэмжих 14 ажиллагаанд оролцсоныг үзүүлэх 7000 гаруй гэрэл зураг бүхий 7 дижитал альбом, ажиллагааны тоо баримт, мэдээлэл бүхий мэдрэгч дэлгэц, Ирак, Афганистан, Косово,Сьерра-Леон, Чад, Судан Улсад үүрэг гүйцэтгэсэн цэргийн багуудын тугнууд, дүрэмт хувцас, ном, альбом, Ирак Улсад амиа золиослогчийн дайралтаас олон мянган цэргийн алба хаагчийн амийг аварсан дэд ахлагч Г.Аззаяа, “Иракын эрх чөлөө” ажиллагааны II ээлжийн багийн захирагч бригадын генерал Д.Баярсайхан, хошууч генерал Б.Баярмагнай нарын хувцас хэрэглэл болон Афганистаны үндэсний армийн хурандаагийн дүрэмт хувцас, Сьерра-Леон Улсад үүрэг гүйцэтгэсэн цэргийн багийн ажиллагааны газрын макет, дэлбэрсэн мина, сумны хонгио, энхийг дэмжих ажиллагаанд оролцогчдын дурсгалын медалиуд болон ХЦУГ, ЦЕГ, ТЕГ, Дотоодын цэргийн штаб, ТТАХНЭ-ийн үүрэг гүйцэтгэсэн цэргийн багийн дурсгалын эд зүйл зэрэг 50 гаруй биет үзмэр тавигджээ.
Энэхүү үзэсгэлэнгийн тайлбарыг аудио хөтөч сонсох боломжтой бөгөөд үзэгчид энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэхэд өмсдөг иж бүрэн дүрэмт хувцас, хэрэглэлийг өмсөж дурсгалын зураг татуулах боломжийг олгож байна.
Н.Ариунаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ