
“Шалга бас дахин шалга” хэмээн хэвлэлээр удаа дараа мэдэгдэж байсан АТГ-ын дарга Ч.Сангарагчаагийн гэм буруутайг хоёр шатны шүүхээс тогтоож хоёр жил дөрвөн сарын хорих ял оноож жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэр гаргасан юм.
Түүнтэй хамт тус газрын дэд дарга Д.Сундуйсүрэн, гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадас нарыг даргынхаа өгсөн хууль бус шийдвэрийг гүйцэтгэсэн гэсэн үндэслэлээр шүүхээс тус бүр хоёр жилийн хорих ялаар шийтгэсэн. Тэдэнд холбогдох хэргийн хоёр шатны шүүхийн шийдвэрийг өнөөдөр 09.30 цагаас Дээд шүүхийн Эрүүгийн танхимд хянан хэлэлцэнэ.
Уг шүүх хуралд илтгэгч шүүгчээр Дээд шүүхийн шүүгч С.Нямжав оролцох бол шүүгдэгч нарт Ч.Сангарагчаагийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг, Б.Хишигбаатар, Д.Сундуйсүрэнгийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбулган, Ц.Монгол, Ө.Алтангадасын өмгөөлөгч С.Цэдэндамба, Б.Одончимэг эрх зүйн туслалцаа үзүүлнэ.
Ч.Сангарагчаад Эрүүгийн хуулийн 87.1, 111.2, 133.1, 263.2, 273.3 дахь хэсэгт зааснаар нийслэлийн Прокурорын газраас таван зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн ч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх үндэслэл тогтоогдоогүй учир гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж шүүхээс үзсэн билээ. Ингээд дээрх зүйл ангиудаас зарим хэсгийг нь нэгтгэн хоёр жил дөрвөн сар хорихоор шийдвэрлэсэн. Одоогоор Ч.Сангарагчаа ШШГЕГ-ын харьяа хорих 411 дүгээр анги буюу Зайсан дахь хүүхдийн хорих ангид эд хогшил хариуцан хоригдож байна.
Түүнчлэн уг хэрэгт яллагдагчаар татагдан гэм буруутай нь тогтоогдсон Ө.Алтангадас, Д.Сундуйсүрэн нарт эрүүгийн хуулийн 87.1, 133.1 дэх хэсэгт зааснаар төрийн нууц задруулсан, гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 87.1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хорих ял, 133.1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хорих ял тус тус оноож, нийт хоёр жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасан юм. Харин тус газрын Тамгын газрын дарга Г.Бадарчид үүсгэсэн албан тушаалын гэмт хэрэг нь нотлогдоогүй гэж үзэн шүүхээс цагаатгасан билээ.

Эх сурвалжийн мэдээллээр уг хэрэгт Д.Сундуйсүрэнтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн АТГ-ын нэгэн томоохон албан тушаалтанд холбогдох баримт материалыг хяналтын шатны шүүгчид өнөөдөр хянаж үзэх гэнэ. Одоогоор тэрхүү албан тушаалтны нэрийг нууцалж байна.
Түүнчлэн АТГ-ын дэд дарга Д.Сундуйсүрэн ч эрхээ зөрчигдсөн гэж ХҮЭК-д хандан гомдол гаргаад амжсан. Эрх мэдлээ хэтрүүлэн хууль зөрчсөн үйлдэлдээ ял авсан Ч.Сангарагчаа өмгөөлөгчөөрөө дамжуулан дараах үгийг хэвлэлийнхэнд хаяглажээ.
Тэрбээр “ Намайг ялласан нь зорилготой хүмүүсийн, зохион байгуулалттай ажил гэж би бодож байна. Улс төрийн намын дарга байсан хүн Улсын Ерөнхий прокурор болсон нь нөлөөлж байгаа хэрэг. Би төрийн албанд насаараа хоёргүй сэтгэлээр зүтгэж, ёс зүйн алдаа, тэр дундаа гэмт хэргийн шинжтэй нэг ч үйлдэл гаргаагүй. Тиймээс би хилсдсэн” гэж ээ.
Мөн зарим хуульчид Ч.Сангарагчаад таслан сэргийлэх арга хэмжээ авч ялласан нь УИХ-ын бүрэн эрхэд халдсан шийдвэр гэж үзэж байгаа. Юутай ч Ч.Сангарагчаа нарт холбогдох хэргийг хоёр шатны шүүхээс хэлэлцэхдээ хууль зөв хэрэглэсэн эсэх өнөөдөр хяналтын шатны шүүхээс тодорхой болох юм.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ