Тэртээ олон жилийн өмнө монголчуудаас анхдагч болж сумод явж байсан Кёкүтэнхо Н.Цэвэгням маань сумогийн дээд зиндаанд түрүүлээд эх орондоо ирсэн билээ. Түүнтэй уулзаж ярилцсан юм.
- Японы мэргэжлийн сумогийн тавдугаар сарын нацу башёд түрүүлж, макүүчи зиндаанд анхны түрүүгээ авлаа. Анхны сэтгэгдлээсээ хуваалцаач?
-За баярлалаа, анх би эх орноосоо хорин жилийн өмнө Батбаяр гэсэн зургаан хүний бүрэлдэхүүнтэй арлын Япон орныг зорьж байсан. Батбаяр зодог тайлж эх орондоо ажиллаж амьдраад явж байна. Миний бие Японд үлдэж хамт явсан хүүхдүүдийнхээ итгэл найдврыг алдахгүйн тулд барилдаад л явж байсан, нэг мэдсэн хорин жил өнгөрчээ. Энэ сарын барилдаанаар ганц түрүүлж үзэх юмсан гэж бодож явдаг байсан мөрөөдлөө биелүүллээ. Миний хүсэл 20 жилийн дараа ийнхүү биеллээ олсонд их баяртай байна. Яг түрүүлснийхээ дараа эх орондоо ирлээ.
-Тухайн үед таныг барилдаж байхад тайлбарлагч нар хорин жил барилдсан Кёкүтэнхо маань шийдвэрлэх барилдаанаа хийчихлээ гэж байсан. Таны хувьд хэр догдлож хүлээж авсан бэ?
- Энэ сарын тэмцээн маш их сайхан эхэлсэн. Миний бэлтгэл сургууль ч сайн хангагдсан байсан. Тэмцээн эхлээд унах үе гарлаа, давахдаа баярлаж л байсан. Зургаа дахь өдрийн барилдаанаас эхэлсэн. Японы бөхчүүдийн рекорд нь 794 даваатай Таканахана аварга байдаг юм. Тэмцээн эхлэхэд миний ялалт 790 байсан. Тэгэхээр ямар ч гэсэн тэр рекордыг эвдэх хүсэлтэй тэмцээнд анх орсон. Рекордыг эвдээд ирэхээр миний эргэн тойронд байсан хүмүүс сэтгэл санаагаар дэмжиж байсан нь надад их нөлөөлсөн болов уу. Миний хувьд сэтгэл хөөрөөд энэхүү амжилтыг батлаж 800-д хүргэчихье гэсэн бодолтой барилдсан.
-Энэ удаагийн барилдаан бас их онцлогтой боллоо. Уг башёгийн өмнө Ошима дэвжээнээс гарч өөр дэвжээнд харъяалагдах болсон. Энэ явдал таны барилдаанд нөлөөлөв үү?
-Манай багш 65 настай тэтгэвртээ гараад миний хувьд сургуулиа өвлөж үлдэх үү цаашаа барилдах уу гэсэн сонголтын аль нэгийг сонгох шаардлага гарсан. Гэтэл миний бие яг ид барилдах насандаа байгаа болохоор, мөн рекордыг эвдэе гэж бодсон учраас өөр дэвжээнд шилжиж очсон. Харин шилжиж очсон дэвжээнээс маань 1909 онд 39-н настайдаа түрүүлсэн бөх байдаг юм билээ. Би очингуутаа түрүүлээд энэ рекордыг 37 нас найман сартайдаа тогтоож хоёрт бичигдэж эхэллээ. Бас их сонин түүхтэй.
-2005 онд та нэг ярилцлагадаа энэ спортын оргилд нь гараад үзчих юмсан хэмээх чин хүсэлтэй байна гэж ярьсан байдаг. Яг өнөөдөр энэ оргилдоо хүрчихсэн байна. Монголын ард түний хувьд ч гэсэн их баярлууштай зүйл боллоо.
-Тэр үед энэ бол миний хүсэл мөрөөдөл байсан. Хүсэл мөрөөдөл хүн бүрт байдаг учраас аварга арслангууд манань олон олон ялалтыг авч байсан болохоор өөийнхөө өмнө би бас чадна гэдэг том зорилтыг тавьж байлаа. Монгол хүн түрүүлээд 50 дахь түрүүлэлт боллоо гэж байсан. 50 дах түрүүлэлт нь би байсан. Их сонин өөрөөрөө бахархмаар сэтгэл төрж байлаа.
- Таныг түрүүлчихээд байж байхад Хакухо аварга таны тугийг барьж өгсөн.
-Аварга маань түрүү бөхийн тугийг маань барьж өгнө гэж байхад үнэхээр их баярлаж байсан. Урьд аваргыг түрүүлэхэд хоёр гурван удаа тугийг нь барьж өгч байсан. Яг барилдаан дуусчихаад машин руугаа явж байхдаа аваргаа гайгүй юу гэж асууж байсан. Тэр туг нилээн хүнд байдаг юм. Өөрийгөө түрүүлсэндээ итгэхгүй энэ үнэн үү, зүүд биш байгаа даа хэмээн аваргаас дахин дахин асуугаад итгэж чадахгүй байсан. Аварга намайг чимхээд л за үнэн байна уу гэхэд л нэг итгэсэн дээ. Энэ тоонууд маш их сонин түүхтэй л дээ. Монгол улс Япон улсын дипломат харилцаа тогтоосоны 40-н жил, монгол хүн сумод явсны 20 жил, 50 дахь түрүүг монгол хүн авсан гээд л тоонууд өөрөө их бэлэгшээлтэй.
-“Их Монголын алтан одод-2″ сагсан бөмбөгийн шоу тоглолтод оролцоно. Сумочдын багт гурван нууц тоглогч байгаа гэж хэлж байсан. Анх энэхүү тэмцээнийг зохион байгуулж байхад сумочид түрүүлж чамгүй сагсчин гэдгээ харуулж байсан. Та сагсан бөмбөг хэр тоглож байсан бэ?
- Энэ сайхан буяны тоглолтод оролцож байгаадаа баяртай байна. Анх 2005 онд зохион байгуулж байсан юм билээ. Тэр үед би оролцож чадаагүй. Энэ удаагийн тэмцээнд нь чин сэтгэлээсээ оролцъё хэмээх зорилготой ирсэн. Хүүхэд багачуудын сайн сайхны төлөө үйлсэд гар бие оролцоход таатай байна. Хүүхэд байхдаа л сагс тоглож байсан. Тэгэхээр ямар ч байсан тоглоод л үзнэ дээ.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ