
Италийн алдарт хөлбөмбөгч Франко Барези тэргүүтэй “Милан” багийн төлөөлөгчид Монголд ирээд байгаа билээ. Тэд өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, ирсэн зорилгынхоо талаар мэдээлэл хийсэн юм. Итали улсын Милан хотын “АС Милан” клубтэй хамтран “Миланы өсвөрийн зуслан-2012” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ. Уг хөтөлбөрийн хүрээнд Милан хотоос хүрэлцэн ирсэн Марко Шембри, Андрей Кавичеоли, Давидэ Корти, Данило Тедолди, Алисандро Бертони, Перлуги Претэ, Жианлука Ангелуки нарын дасгалжуулагчид өчигдөр Сүхбаатар дүүргийн 6-р сургуулийн биеийн тамирын талбайд сургалт явуулах нээлтийн үйл ажиллагаагаа хийсэн юм. Италийн дасгалжуулагчид ирэх бямба гариг хүртэл Монголын хөлбөмбөгийн холбооны болон 6, 84, 97 дугаар сургуулийн биеийн тамирын гаднах талбайд сургалт явуулахаас гадна хөл бөмбөгийн дасгалжуулагч, багш нарт зориулсан онол, дадлагын сургалт явуулахаар төлөвлөжээ. Италичууд өнгөрсөн жил зуслангийн сургалтад хамрагдсан хүүхдүүдээс шилдэг дөрвөн хүүхдийг Итали улс дахь “Дэлхийн хүүхдийн зуслан”-д явуулж байжээ. Энэ жил ч мөн дөрвөн хүүхдийг шалгаруулах аж. Өнгөрсөн жил Италийг зорьсон өсвөр хөлбөмбөгчид хүүхдийн багт Милан хотын хэмжээнд зохиогддог тэмцээнд түрүүлсэн болохыг энэ үеэр мэдээлж байсан.
Хэвлэлийн бага хурлын үер бас нэгэн сайхан мэдээ дуулдсан нь Нийслэлд битүү дээвэртэй цэнгэлдэх баригдах тухай байлаа. Уг цэнгэлдэх XV хорооллын хөлбөмбөгийн талбайг түшиглэн байгуулагдах бөгөөд маргааш шав тавих ёслол нь болох гэнэ. Уг цэнгэлдэхийг Ф.Барезигийн нэрэмжит болгохоор шийдээд байгаа юм. Ингэснээр хоёр орны хоорондын харилцаа улам батжиж, Монголын шигшээ багт итали дасгалжуулагч ирж ажиллах үүд хаалга нээгдэнэ хэмээн манай тал найдаж байгаа ажээ.

Н.Ариунаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ