Ц.Анандбазарыг авлигын хэрэгт яллах уу
УИХ-ын 2012 оны сонгуульд тоосоо өргөхөөр зүтгэсэн “Сод Монгол” группийн захирал Ц.Анандбазар өчигдөр авлигын хэргээр баривчлагдсан гэх мэдээлэл олны чихийг дэлдийлгэв. Энэ удаагийн баривчилгаа түүний хувьд анхных байсангүй.
Тэрбээр өдгөөгөөс найман жилийн өмнө бүлэглэж, бусдыг дарамталсан хэргээр ШШГЕГ-ын харьяа Ганц худгийн урьдчилан хорих төвийн хаалгыг татаж байсан нэгэн. Өмнө нь танхайн хэргээр саатуулагдаж байсан бол өчигдөр төрийн албаны ажилтнуудад авлига өгсөн хэрэгт буруутгагдсан бололтой.
Ер нь Ц.Анандбазарын толгойлдог “Сод монгол”-той холбоотой хэл ам тасардаггүй. Өнгөрөгч 2010 онд гэхэд л Нийслэлийн Сүхбаатар дүүргийн VI хорооны нутаг дэвсгэрт байрлах нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа Яаралтай түргэн тусламжийн авто баазын хашаанд “Сод Монгол” групп хууль бусаар шатахуун түгээх станц барьж том толгойлсон. Хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үүрэгтэй Яаралтай түргэн тусламжийн төвийн авто баазын хашаанд дур мэдэн станц бариулж эхэлсэн нь цаана их хэмжээний авлигын асуудалтай гэж тухайн үед олон хүн хардаж байсан юм.
Орон сууц, сургууль, эмнэлэг, Гаалийн төв лабораторийн барилга зэрэг хүн ам төвлөрсөн, шигүү баригдсан барилга байгууламжийн дунд ШТС байрласан нь аюултай гэдгийг найман настай хүүхэд ч ойлгоно. Хууль дүрмийг нь харсан ч тэр. Шатахуун түгээх станцын барилга байгууламж, тоног төхөөрөмжийн техникийн ерөнхий шаардлагад ШТС-ыг орон сууц, олон нийтийн барилга байгууламжийн хананаас 50 метр, олон нийтийн үйлдвэрийн газрын барилга байгууламжийн хананаас 100 метрийн зайд барих ёстой гэж тусгасан байдаг.
Гэтэл Ц.Анандбазарын барьж байсан шатахуун түгээх станц энэ стандартыг ноцтой зөрчсөнөөс гадна Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд заасан 9.2.2, 9.3.5-ыг зөрчсөн үйлдэл дагаж байлаа. Дээрх хуульд бүтээгдэхүүнийг Монгол Улсад даган мөрдөж байгаа зөвшөөрөгдсөн стандартад нийцсэн талбай, орчинд худалдана хэмээн заасан байдаг. Нийслэлийг галдан шатаах хүйтэн сэтгэл өвөрлөсөн үү гэж зарим нэгэн хүнийг бухимдуулахад хүргэсэн түүний холбогдсон хууль бус үйлдлүүдийн нэг бол шахааны шатахууны бизнес юм. Тодруулбал, өнгөрөгч 2010 онд ОХУ-аас шатахуун импортолдог компаниудаас зөвхөн “Сод Монгол” групп МИАТ-д онгоцны шатахуун нийлүүлэх эрхтэй байв.
Дархан эрхээрээ далайлган тэрбээр зах зээлд онгоцны шатахууны ханш тонн тутамд 710 ам.доллар байхад МИАТ компанид 1065 ам.доллараар худалддаг байсан гэх мэдээлэл ч олон хүнийг эгдүүцүүлсэн билээ. Энэ мэт түүнтэй холбоотой олон баримтыг дурдаж болно. Хэргийн эзэн хэнгэргийн дохиур Ц.Анандбазарыг өчигдөр АТГ-аас баривчилсан тухай асуултад Тамгын хэлтсийн дарга Ч.Өнөрбаяраас хариулт нэхэхэд “Ц.Анандбазартай холбоотой мэдээллийг одоохондоо өгөх боломжгүй” гэсэн бүрхэг тайлбар өгөв.
Ямар ч байсан Ц.Анандбазарт таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь тун удахгүй авлигын хэрэгт нь яллах тогтоол үйлдэх нь гэж харж болохоор байна.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ