
Италийн алдарт “AC Milan” багийн менежер, дэлхийн шилдэг 100 хөлбөмбөгчийн нэг, Италийн нэрт хөлбөмбөгчин Франко Барэзи тэргүүтэй дасгалжуулагчид манай улсад айлчилж, өсвөрийн хөлбөмбөгчдөд хичээл зааж байгаа билээ. Мөн сургуулилтад оролцож байгаа хүүхдүүдээс дөрвөн хүүхдийг сонгож, Итали улсын “Олон улсын хүүхдийн зуслан”-д амруулах юм.
Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээний хүрээнд Монголын Хөлбөмбөгийн холбооны талбай, 6, 84, 97 дугаар сургуулийн биеийн тамирын гадна талбайд өсвөрийн хөлбөмбөгчдөд зориулсан сургалт явууллаа. Харин өнөөдөр МонголынХөлбөмбөгийн холбооны талбайд сургалтад оролцогч хүүхдүүдээс дөрвөн хүүхдийг сонгох шалгаруулалт болж байна. Франко Барэзи энэ үеэр бэлтгэл хийж буй хүүхдүүдийг ажиглаж, хэнийг нь сонгохоо өөрөө шийддэг уламжлалтай ажээ.
Шалгарсан хүүхэд нь Италийн “Milan Junior Camp” хөтөлбөрт хамрагдах юм. Тус хөтөлбөрт бусад улс орнуудаас шалгарсан 400 орчим хүүхэдтэй хамт Милан хотноо хоёр өдрийн турш авхаалж, самбаагаа сорин ур чадвараараа өрсөлдөх аж. Хэрэв тус тэмцээний үеэр бусдаасаа ялгарч, онцгойрч чадвал дэлхийд данстай “AC Milan” клубын өсвөрийн багт багтах алтан боломжийн эзэн болно.
П.Наран










СЭТГЭГДЭЛ БИЧИХ