Задарсан засаг ноёдын хэрэг юу болов
Төрийн мөнгө шамшигдуулсан хэрэгт холбогдсон Засаг дарга нарын хэргийн шийдвэрлэлтийг Шууд.мн сайт эргэн сурвалжиллаа.
Хятадуутай хууль бус гэрээ байгуулсан Ховд аймгийн Засаг дарга шалгуулж байна
“Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барьж байсан эрхэм бол өдгөөгийн Ховд аймгийн Засаг дарга Г.Нямдаваа. Цагтаа хууль баталж явсан эл эрхэм өнгөрөгч хавраас АТГ-ын үүдийг сахиж олны нүдийг хужирлах болсон. АТГ-аас түүнийг албан тушаалаа хэтрүүлэн улсын мөнгө завшсан хэрэгт сэжиглээд байгаа юм. Тодруулбал, Ховд аймгийн Засаг дарга Г.Нямдаваа 2011 оны тавдугаар сарын 3-нд БНХАУ-ын Шинжаан-Уйгарын өөртөө засах орны Цонж хотын "Лю Ди Ван" ХХК-тай гэрэлтүүлгийн гэрээ хийжээ. Ингэхдээ Ховд аймгийн Жаргалант хотын 11 км замд гэрэлтүүлэг хийлгэхийн тулд ажлын хөлс болох хоёр сая 600 мянган юанийн төлбөрт Хар-Ус нуураас 250 тонн загас барьж өгөхөөр гэрээ хийжээ. Хятадуутай хийсэн гэрээндээ, хариуцагчаар Ховд аймгийн захирагч М.Мягмарцогтыг гарын үсэг зуруулсан байна. Уг нь бол Ховд аймагт загас барих зөвшөөрөлтэй нуур байхгүй. Гэтэл аймгийнхаа эрх ашгийн үүднээс гэсэн халхавч зүүж Хар-Ус нуураас 250 тонн загас бариулах ажлыг эхлүүлжээ. Энэхүү үйлдэлдээ хэд хэдэн хүнийг татан оролцуулж, хууль зөрчсөн гэх үндэслэлээр буруутгагдаж байгаа юм. Түүнийг АТГ-аас өнгөрөгч хавраас хойш шалгаж, гэм буруугийн нотлох баримтуудыг бүрдүүлээд байгаа юм.
СХД-ийн Засаг дарга Ц.Болдын хэргийг шүүнэ
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Болдыг АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад багагүй хугацаа өнгөрч байна. Түүнд хамаарах Эрүүгийн хуулийн 150.3-т зааснаар буюу "бусдын эд хөрөнгийг завшсан" гэх хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, хэргийг нь шүүх рүү шилжүүлсэн. Албаны эх сурвалжийн мэдээллээр Ц.Болдыг цас хайлуулах бодисонд төсөвлөсөн хөрөнгөөс 300 сая гаруй төгрөг хувьдаа завшсан хэрэгт буруутгаж, УМБГ-т шалгаж байсан ч албан тушаалтай холбоотой учир АТГ-т шилжүүлэн шалгуулжээ.
Өнгөрсөн оны есдүгээр сард уг хэрэгт холбогдуулан нийслэлийн Захирагчийн ажлын албаны Орчины бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсийн дарга Б.Дэлгэрбаярыг шалгаж, цагдан хорьсон юм. Хэвлэлд гарсан мэдээллээр бол тэднийг хамтран цас хайлуулах бодис авах нэрийдлээр жил бvр тєсєвт мєнгє суулгаж, хувьдаа завшсан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Цэрэнжав тэрбум төгрөгөөр тансаглав
Хөвсгөл аймгийн цагдаа, эмнэлгээс бусад нь Засаг даргынх болсон хэмээн иргэд сүүлийн хэдэн жил ярьсан. Тус аймгийн Засаг дарга Л.Цэрэнжавыг аймгийнхаа 80 жилийн ойг тэмдэглэхэд Засгийн газрын тогтоож өгсөн хэм хэмжээ болох 10 сая төгрөгийг хэтрүүлэн нэг тэрбум төгрөгөөр наадам тэмдэглэсэн гэх юм билээ. Түүнийг дээрх асуудлаар АТГ-аас шалгаж байгаа юм байна.
Налайхын Засаг дарга Б.Баяндэлгэрийн гэм буруу тогтоогдсонгүй
Налайх дүүргийн Засаг дарга Б.Баяндэлгэр Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн овоо хараанд өртөн өнгөрөгч оноос албан тушаал, авлигын хэрэгт холбогдон шалгагдаж эхэлсэн юм. Түүнийг 300 га газрыг БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Жэхуан групп”-т их хэмжээний мөнгөөр зарахыг завдаж, 320 га газар эзэмших гэрчилгээ олгож өгнө хэмээн амлаж 50 мянган ам. доллар хахуульд авсан гэх хэрэгт буруутгагдаж, сэжигтнээр татагдсан байна. Өөрөөр хэлбэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж онц их хэмжээний авлига авсан байж болзошгүй гэж сэжиглэгдсэн ч мөрдөн байцаалтын явцад нотлогдоогүй аж.
Говь-Алтайн Засаг даргын хэргийг шүүх рүү шилжүүлнэ
АТГ-аас Говь-Алтай аймгийн Засаг дарга Ш.Амгаланбаярт холбогдох хэргийг шалгаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ. Засаг дарга Ш.Амгаланбаярыг албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн тендергүйгээр бараа, ажил, үйлчилгээ худалдан авч, танил талынхаа компанид давуу эрх олгосон хэрэгт буруутгаж буй юм. Тухайлбал, ХХААХҮЯ-наас хөдөө аж ахуйг дэмжих зорилгоор 200 сая төгрөгөөр трактор, комбайн худалдан авах эрх олгосон аж. Гэтэл Засаг дарга Ш.Амгаланбаяр “Агсу-Алтай” гэх компанид тендергүйгээр 100 сая төгрөг шилжүүлж комбайн авсан. Үлдсэн 100 саяыг нь хувьдаа завшсан гэх. Орон нутагт барьж буй барилгын зураг төслийг хувийнхаа компанид давуу эрх олгон хийлгэж байсан гэх хэрэгт холбогджээ. Харин Нийслэлийн прокурорын газрын эх сурвалж “Түүнд Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлд заасан албан тушаал, эрх мэдлээ урвуулсан гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэхээр болсон байна.
Засаг дарга Ж.Баянмөнхөд таван жил өгөв
Албан тушаалын хэргээр хууль хяналтын байгууллагад шалгагдаж буй засаг ноёдоос хамгийн түрүүнд Говьсүмбэр аймгийн Засаг дарга Ж.Баянмөнх “дээлээ нөмөрлөө”. Ноёны зөөлөн сэнтийгээс хар гэрт суусан Ж.Баянмөнхийг хуулийн байгууллагаас албан тушаалын хэрэгт сэжиглэснээс хойш нэг жилийн дараа хэргийг нь хоёр шатны шүүхээр хэлэлцэж гэм буруутайд тооцон таван жилийн хорих ялыг оноосон юм.
Түүнийг “Илчлэг шивээ” үйлдвэрийн газрыг өвөрмонгол найздаа бэлэглэж их хэмжээний авлига авсан гэх бор шувуу олны дунд нисч эхэлсэн. Тэрхүү үг яван явсаар АТГ-ын хаалгыг татахад хүргэсэн юм. Эх сурвалжийн хэлснээр Ж.Баянмөнх “Илчлэг шивээ” үйлдвэрийн газрыг өөрийн найздаа хувьчлахын тулд өмч хувьчлалын комисс болон доод тушаалтнууддаа хууль бус шаардлага тавьж, дарамталсан гэх мэдээлэл бий.
Тэрбээр Улаанбаатар хотод хоёр байртай. Жилдээ 100 саяын орлоготой, түүнчлэн ямар ч дуудлага худалдаагүйгээр өөрийн эзэмшилд авсан долоон газартай. Аймагтаа нэг байрны орцыг нь авч 2, 3, 4 дүгээр давхрын гурван айлын байрыг нэгтгэн хоёр хүүдээ өгсөн зэрэг гэм буруу нь шүүхээр тогтоогдсон аж. Авлига хээл хахуулийн хэргээр шүүгдсэн эрхэм ноёныг эрүүгийн хуулийн тусгай ангийн 263-т зааснаар яллагдагчаар татан шүүсэн юм.
Увсын Засаг дарга Э.Цасчихэр гурван жил хоригдоно
Төсвийн мөнгө шамшигдуулсан гэх хэрэгт гэм буруугаа шүүлгэсэн Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр гурван жил “хар гэрт” сууна. Түүнийг тус аймагт өнгөрсөн онд барихаар төлөвлөсөн Нарийны голын 325 м, Тээлийн голын 75.3 м гүүрийн барилгын ажлыг өөрийн “Мөнхжим” компаниар гүйцэтгүүлэхээр 710 сая төгрөг авсан хэрэгт анх шалгаж эхэлсэн билээ. Түүнчлэн төрийн албан хаагчдын таван давхар орон сууцыг дөрвөн давхар болгон барьсан гэх иргэдийн мэдээллээр АТГ-т шалгаж эхэлсэн билээ.
Түүнээс гадна Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр болон бусад албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны улмаас иргэн Б 26 сая төгрөг завшиж, үрэгдүүлэх боломж олгосон гэмт хэрэгт Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дуусгасан юм.
Улмаар Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлд заасан “Төрийн албан тушаалтан албан тушаалаа урвуулсан”, 150 дугаар зүйлд заасан “Төрийн өмчийг завшиж үрэгдүүлсэн” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдүүлэхээр Увс аймгийн прокурорын газарт шилжүүлсэн ч хэрэгсэхгүй болгож байв. Анхан шатны шүүхээс гурван жилийн хорих ял сонссон Э.Цасчихэр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатанд гомдол гаргажээ.
Орхоны Засаг дарга асан Д.Оюунбат хоёр жил дөрвөн сар “аавынд” сууна
Орхон аймгийн Засаг дарга Д.Оюунбат хууль бус үйлдлээ АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст хэдэн сар шалгуулж эцэст нь Баянзүрх дүүргийн шүүхээс 2.4 жилийн хорих ял авсан юм. Тэрбээр Орхон аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан улсад их хэмжээний хохирол учруулсан гэм буруу нь шүүхээр тогтоогджээ. Тодруулбал, тус аймгийн Засаг асан Д.Оюунбат нь таван тэрбумын өртөгтэй цэнгэлдэх хүрээлэн барих тендерийг авсан ч гурван тэрбумыг тоншсон нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл түүний босгосон цэнгэлдэх хүрээлэнг мэргэжлийн экспертүүд үзээд хоёр орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар боссон гэж дүгнэсэн аж. Түүнчлэн аймагтаа “Бурхан багшийн сэрэг дүр” нэртэй хөшөө босгосон “Тод-жаргал” ХХК нь Д.Оюунбаттай үгсэн хуйвалдаж тендер шалгаруулалтад оролцоогүй, татварт өртэй зэрэг хууль зөрчсөн үйлдлээ шүүлгэсэн юм.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ