
Камбожийн нийслэл Пномпень хотноо болсон АСЕАН-ы Бүсийн Чуулга (АРФ)-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт энэ сарын 26-нд боллоо. Энэхүү уулзалтад АРФ-ын оролцогч 27 орны төлөөлөгчид Зүүн хойд Азийн аюулгүй байдал, Солонгосын хойгийн асуудал, Афганистан, Мьянмар Улсын дотоод байдал, терроризм, далайн аюулгүй байдал зэрэг олон улсын болон бүс нутгийн тулгамдсан асуудлаар санал солилцов.
Тус уулзалтад манай улсаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батхишиг оролцож, дээрх асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж, 2011-2013 онд Монгол Улсын тэргүүлж байгаа Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг /АОХН/-ийн үйл ажиллагаа, энэ хүрээнд Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн БНСУ-тай хамтран хэрэгжүүлж буй “Ардчиллын төлөөх Азийн түншлэл” зэрэг ажлуудыг танилцуулсан байна. Мөн Азийн түншүүдтэйгээ хамтран тус бүс нутагт ардчиллын үзэл санаа, үнэт зүйлсийг дээдлэн сахих нийтлэг зорилгыг хэрэгжүүлэх, үүний тулд бусад улс оронтой хамтран ажиллах, хуримтлуулсан туршлага, сургамжаа хуваалцах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Энэ оны долдугаар сард Улаанбаатар хотноо болох Эмэгтэйчүүдийн манлайлалын асуудлаарх олон улсын бага хурлын талаар мөн мэдээлж, түүнд төлөөлөгчдөө оролцуулахыг АРФ-ын орнуудын ахлах албан тушаалтнуудад уриалсан байна.
Мөн ирэх наймдугаар сард Индонез Улстай хамтарч АРФ-ын энхийг сахиулах үйл ажиллагааны экспертүүдийн уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тохиролцжээ. Ази, Номхон далайн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн АРФ-ын үйл ажиллагаанд Монгол Улс 1998 оноос оролцож ирсэн бөгөөд түүнд АСЕАН-ы орнууд болон АНУ, БНХАУ, ОХУ, Япон, БНСУ, Австрали зэрэг нийт 27 улс оролцдог юм байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ