Ерөнхийлөгч Засгийн газарт чиглэл өгөв
Монгол Улсын Ерөнхийлөгч сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх талаар арга хэмжээ авч хэрэгжүүлэх тухай Засгийн газарт чиглэл өгсөн байна. Улмаар ”Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөр”, “Малын тэжээл”, “Экологийн цэвэр бүтээгдэхүүн”, “Сүү” хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд үнэлгээ өгч, нийслэл болон томоохон суурин газрын орчим сүүний чиглэлийн фермерийн аж ахуйг эрчимтэй хөгжүүлэхэд шаардагдах газар зохион байгуулалт, бэлчээрийн хуваарилалтыг шинэчлэн зохион байгуулахыг чиглэл болгосон байна.
Мөн тэжээлийн болон даршны үйлдвэрлэлийг дэмжих, сүүний чиглэлийн үхрийн генефондыг сайжруулах, өсвөр үхрийг технологийн дагуу бойжуулах, сүү хүлээн авах, хадгалах, тээвэрлэх үеийн эрүүл ахуй, ариун цэврийн нөхцөлийг сайжруулах, хуурай сүүний үйлдвэр байгуулах, сүү нөөшлөх технологи нэвтрүүлэх, сүүний нөөц бүрдүүлэх зэрэг чиглэлээр хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх талаар тусгаад байна. Түүнчлэн үндэсний үйлдвэрийн хүнсний бүтээгдэхүүнийг эхний ээлжинд хэрэглэдэг дадал бий болгох, эх орныхоо хөрсөнд төмс, хүнсний ногоо, чацаргана, жимс, жимсгэнэ тариалж, хэрэглэгчдийг эрүүл, аюулгүй хүнсээр хангах шинэ болон уламжлалт технологийг нэвтрүүлж ажиллахыг төрийн болон төрийн бус байгууллага, бизнесийн байгууллага, малчид, тариаланчид, иргэдэд уриалсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ