
Швейцарийн Женев хотноо чуулж буй Дэлхийн эрүүл мэндийн 65 дугаар Ассамблейн үеэр ДЭМБ-ын Ерөнхий захирал хатагтай Маргарет Чан Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатарыг хүлээн авч уулзжээ.
Сайд Н.Хүрэлбаатар хатагтай Маргарет Чанд ДЭМ-ийн 65 дугаар Ассамблейн шийдвэрээр ДЭМБ-ын Ерөнхий захирлаар таван жилийн хугацаатай улиран сонгогдсон түүнд баяр хүргэж, ажлын амжилт хүссэн байна.
Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцооны талаар танилцуулж, Монгол Улсын Засгийн газар болон ДЭМБ хоорондын хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байдгаа илэрхийлж, цаашид хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхэд анхааран ажиллахаа хэлжээ.
Хатагтай М. Чан Монгол Улсын эрүүл мэндийн санхүүжилтын тогтолцоо, хүн амыг эрүүл мэндийн даатгалд хамруулан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Сайд Н.Хүрэлбаатараас тодруулан ярилцаж, Монгол Улсын Засгийн газар ДЭМБ-тай идэвхтэй хамтран ажилладагт талархал илэрхийлээд, ДЭМБ-ын зүгээс цаашид Монгол Улсын эрүүл мэндийн салбарыг бүх талаар дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.
Уулзалтын төгсгөлд Сайд Н.Хүрэлбаатар Ерөнхий захирал хатагтай Маргарет Чанд Дэлхийн хүн амын эрүүл мэндийг хамгаалах их үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлж, эрүүл мэндийн сайдын нэрэмжит шагнал гардуулжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ