
Хятадын Тянь Ань Миний талбайд болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр хүүгээ алдсан нэгэн эсэргүүцэгч засгийн газартаа анхааруулга өгөх үүднээс амиа хорложээ. Хятадын эрх баригчид 1989 онд ардчилал, шударга ёсны төлөө жагссан оюутнуудыг цэргийн хүч хэрэглэн дарсан юм.
1989 оны Тянь Ань Миний бослогын үеэр амиа алдсан нэгэн залуугийн аав 20 жилийн турш засгийн газраас цагаатгахыг хүссэний эцэст эсэргүүцлээ илэрхийлэн өөрийгөө дүүжилж амиа хорлолоо хэмээн даваа гарагт мэдэгдлээ. Тянь Ань Миний талбайн ээжүүд хэмээн олонд танигдсан бүлгийн мэдээлж буйгаар 73 настай Яа Вэйлиний цогцсыг Бээжин дэх түүний амьдардаг орон сууцны гаражаас олжээ.
Тус бүлгийн цахим хуудаст Яагийн гэр бүлийнхэн нь түүний цогцсыг олоход биед нь хүүгийн үхлийн талаарх мэдээллийг агуулсан бичиг, мөн хүүгийн нь үхлийн талаарх асуудлыг 20 жилийн турш хэн ч сөхөж, хөндөөгүй учир амиа хорлож эсэргүүцлээ илэрхийлж байгаагаа бичсэн байжээ.Яа “Бид сүүлийн 18 жилийн турш засгийн газартаа тасралтгүй захидал илгээж байсан ч тэд ядаж нэг удаа ч хариу бичиж байгаагүй. Тэд биднийг үл ойшоосон” хэмээн Хятадын засгийн газрын тухай 2007 онд Бээжин дэх Испаний Каталуняа TV3-д өгсөн ярилцлагадаа хэлж байжээ.
Тянь Ань Миний ээжүүд бүлгийн гишүүн, 1989 оны Тянь Ань Миний бослогын үеэр мөн хүүгээ алдсан ээж Занг Шианлин “Яаг нас барахынхаа өмнө хүүгээ 2 ч удаа зүүдэлсэн, маш гунигтай, итгэл найдваргүй болсон байсан, тэгээд л амиараа эсэргүүцлээ илэрхийлж эрх баригчдад цочроо өгөхөөр шийдсэн хэрэг гэж хэлсэн” хэмээн мэдээлсэн байна. Тэрээр мөн “Үнэхээр харамсалтай. Би тэмцлээ үргэлжлүүлэхийг хүсч байгаа ч үхлийн замаар биш” гэжээ.
1989 оны 6-р сарын 3наас 4-нд шилжих шөнө цэргийнхэн нэг сар үргэлжилсэн оюутны жагсаалыг зогсоохын тулд мянга мянган оюутан, идэвхитэн, энгийн иргэдийн амь хөнөөгдсөн.Гэвч тус үйл явдлын талаар хэн ч эргэн дурсдаггүй бөгөөд энэ тухай сургуулийн сурах бичигт юу ч дурдаагүй байдгаас гадна олон нийтийн дунд ярихыг ч үндсэндээ хориглосон байдаг байна.
“Бид энэ асуудлыг шийдэх арга зам хайж байгаа ч хэзээ уг арга замаа олохоо мэдэхгүй л байна. Мэдэж байгаа зүйл гэвэл энэ арга замаа ойрын хугацаанд лав олж чадахгүй” хэмээн Занг хэлжээ.
Коммунист намын удирдагчид 8-р сард солигдох хэдий ч удирдлага солигдлоо гээд Тянь Ань Миний талбайн асуудлыг эргэж сөхнө гэсэн үг биш гэж Занг үзэж байна. Түүний хэлснээр энэ нь тэдний хүлээж болох найдвар төдий зүйл ажээ. Засгийн газраас хэзээ ч Тянь Ань Миний бослогын тухай бодитой тоо баримт дэлгэж байгаагүй бөгөөд уг хэргийн асуудлаар бие даасан мөрдлөг явуулахыг ч зөвшөөрдөггүй байна. “Удирдлагууд бидний өргөдөлд хэзээ ч албан ёсны тайлбар хийж байгаагүй. Хэрэв бидний өргөдөлд илүү нухацтай хандсан бол Яа Вэйлин өөрийнхөө амьдралыг тийм гунигтайгаар дуусгах замыг сонгохгүй байх байсан ч байж магадгүй” гэж Занг мэдэгджээ. Дараагийн даваа гараг буюу 6-р сарын 4-нд бослогын 23 жилийн ой болох юм.
Н.Эдди
СЭТГЭГДЭЛ БИЧИХ