
ЗХУ-ын үеийн бахархал болж байсан “Лада 2107” классик загвараа үйлдвэрлэхээ зогсоолоо.
Лада анх 30-аад жилийн өмнө үйлдвэрлэгдэн гарч байхдаа барууны машинуудтай ойртсон чанар үзэмжтэйд тооцогдож байсан юм. Гэсэн ч загвараа бараг өөрчлөөгүй. Дээр нь 4 мянган доллар буюу орлого багатай иргэдийн хувьд хямд үнэтэй учир Ладагийн үйлдвэрлэл амь бөхтэй оршсоор байсан. Гэхдээ Лада машин цагийн аясаар зах зээл, чанарт гүйцэгджээ.
Хэрэглэгчдийн орлого нэмэгдээд ирэхээр Ладагийн худалдаа буурч хүмүүс барууны машинуудыг илүү сонирхох болсон.
Барууны нэгэн мэргэжилтэн Ладаг дэлхийн хамгийн муу машин гэж нэрлэж байсан удаатай. Хэдийгээр хурд, хүч, тав тухтай байдал, аюулгүй байдал зэргээрээ барууны машинуудыг гүйцэхгүй ч Ладаг ЗХУ-ын үеийн бахархал болсон сонгодог классик машин гэдэг утгаар нь цөөн хүн унах болжээ.
Автоваз компанийн удирдлагууд Францын Рено болон Японы Ниссан зэрэг компаниудтай хамтран орчин үеийн Лада машин үйлдвэрлэхээр ярилцаж байна. Оросуудын хувьд нийгэм солигдох үед цаг алдалгүй гадны компаниудтай хамтран автомашины үйлдвэрүүдээ шинэчилж, орчин үеийн болгож чадаагүйгээс автомашины үйлдвэрлэл нь үндсэндээ уналтанд орсон гэж мэргэжилтнүүд шүүмжилдэг юм.
Н.Эдди
СЭТГЭГДЭЛ БИЧИХ