
Манай хойд хөршийнхөн шилтэй идээнд ойрхон шадарладаг нь нууц биш. Уг уламжлалыг айсуй олимпийн үеэр зогсоох шийдвэрийг Оросын олимпийн хорооноос албан ёсоор гаргажээ. Оросын ерөнхий сайдын орлогч Дмитрий Козакийн хэвлэлийн төлөөлөгч Илья Жоусын “КоммерсантЪ” сонинд өгсөн ярилцлагаар үүнийг мөн нотолсон байна. Ванкуверийн цагаан олимпод амжилтгүй оролцсоны “буруутан” нь архи дарс хэмээн тэд дүгнээд, Лондонд оросуудын төвлөрөх хүлээн авалтын дөрвөн ресторанд “сухой закон” мөрдөхөөр төрийн хэмжээнд шийдвэрлэлээ. Ингэснээр Лондонд медаль хүртсэн тамирчид ч водкагүйгээр баяр хөөрөө тэмдэглэх нь. Оросууд үүнийг хүслээ гэж үү?
Ах нар “Ванкувер-2010”-т 30-50 медалийн төлөвлөгөөтэй очсон ч ердөө 15-ыг зүүж багийн дүнгээр 11 дүгээрт жагссан төдийгүй Оросын олимпийн хорооны ерөнхийлөгч Леонид Тягачев ажлаасаа халагдсан билээ. Тэгсэн хэрнээ цөөхөн медалиа хамгийн дуу чимээ ихтэйгээр “угааж”, хавтгайрсан архидалтыг өөгшүүлж байжээ. Тэр ч бүү хэл “Роснефть” компани Ванкуверийн нэгэн ресторанд шатахуун түгээгүүрийн хоёр төхөөрөмж байрлуулж, нэгнээс нь архи, нөгөөгөөс виски юүлж байсан сураг дуулдаж билээ.
Б.Цагаанбаатар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ