
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Монгол цэргүүдэд мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 10 жилийн ойгоо тэмдэглэж байгаа энэ мөчид та бүхэнд зориулан мэндчилгээ дэвшүүлж байгаадаа туйлын баяртай байна.
Монголын цэнхэр дуулгатнууд Афганистан, Дарфур, Өмнөд Судан зэрэг хамгийн хүнд нөхцөлтэй ажиллагаанд оролцож байгаа. Аймшигт хэрцгийллийн хохирогчдод шударга ёсыг хүргэхээр ажиллаж буй Сьерра Льеон дахь Тусгай шүүхийг хамгаалах чухал үүргийг Монгол Улс мөн гүйцэтгэсэн. Тогтвортой байдлыг бий болгоход нэн чухал үүрэгтэй эмэгтэй энхийг сахиулагчид, түүний дотор Монголын эмэгтэй цэнхэр дуулгатнуудад онцгойлон талархал илэрхийлье.
Дэлхий дахинаа нийт 17 ажиллагаанд алба хашиж буй 120 мянга гаруй энхийг сахиулагчдын алдарыг дуудах НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдөртэй хамтатган Монгол Улс 10 жилийн ойгоо тэмдэглэж байгаад таатай байна.
Энэ өдөр бид амь эрсэдсэн энхийг сахиулагчдаа мөн эргэн дурсаж байна. Энхийн үйлсийн төлөө 2011 онд 112 энхийг сахиулагч эрс, эмэгтэйчүүд амиа алдсан. Өнгөрсөн жилүүдэд 2900 энхийг сахиулагч, түүний дотор хоёр монгол цэрэг үүрэгт албаа хашиж яваад амь эрсэдсэн. Өнөөдөр бид тэдний гэгээн дурсгалд хүндэтгэл үзүүлж, дайнд нэрвэгдсэн улс оронд тогтвортой байдлыг хангах тэдний үйл хэргийг цаашид үргэлжлүүлэхээ илэрхийлж байна.
Амь үрэгдсэн цэрэг дайчид маань олон үндэстний төлөөлөл байдаг нь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны хамтын хүчийг тэтгэх дэлхий нийтийн түншлэл юм гэдгийг тодоор сануулж байдаг.
Дэлхийн олон сая хүний итгэл найдварыг өвөртөлсөн цэнхэр дуулгатан бүрийн хувь нэмрээс бүрдсэн дэлхий дахины түншлэлийг улам бүр бататгахаа хамтдаа амлацгаая” гэжээ.
У.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ