
Ялзарсан хог новш, шил лааз хөглөрч овоолсон хогон дунд улаан өнгийн цамц, хар өмд өмссөн 10 орчим насны хүү шил, төмөр цуглуулан шуудайд хийж алхана. Хүү газар ширтэн хэрэгтэй зүйлээ олох гэж хичээнгүйлэн алхах боловч үе үе өндөрт үсэрч, бугуйнаасаа урагш сайртаж харласан гараараа ахынхаа мөрийг алгадан зугтааж одно. Хаа сайгүй хог ачсан том оврын автомашинууд цуварч нэг хэсэгтээ л цагаан шороогоор дарж байлаа. Машинуудыг угтаж уут шуудай төмрөөр “зэвсэглэсэн” хэсэг хүн биенээсээ өрсөн тосч гүйлдэж байгаа харагдав. Салхи шуурсан бүүдгэр өдөр манай сурвалжлах хэсэг Улаанчулуутын хогийн цэгт хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүдтэй уулзах нь гэж ирсэн минь энэ. Биднийг хогийн цэг рүү ойртоход энд тэндгүй шуудай үүрсэн хүмүүс сүлжилдэн, исэлдэж шатсан эхүүн үнэр хамар цоргиулан угтлаа. Монголчууд бүү хэл дэлхийд танигдсан Улаанчулуутын хогийн цэгт өдгөө олон арван хүүхэд багачууд хоёрдогч түүхий эд цуглуулдаг болоод удаж буй. Тэнд бараг л ядуусын ертөнц бий болсон гэж хэлж болох.

Нэгэнт хүүхдүүдтэй уулзахыг зорьсон болохоор гэрэл зурагчны хамт тэнд төмөр саравчны өмнө суух 60 орчим насын эрэгтэйтэй уулзахаар очив. Түүн рүү дөхөх үеэр хар иштэй хутга барьсан 30 гаруй насны залуу хажуугаар гарахдаа “Новш минь зураг аваад үзээрэй. Хүүхний чинь гэдсийг хүүлнэ шүү” гэж сүрдүүлэхэд зүрх зогсох шахав. Саравчны өмнө тамхи татан тухлах эр өөрийгөө Сонгинохайрхан дүүргийн харьяат гэж танилцууллаа. Тэрбээр 12-14 насны хүү, охин хоёроо дагуулж ирсэн гэх. Түүний хувьд амьдрал хүнд, эрүүл мэндийн байдал муу гээд тоочихгүй зовлон байсангүй. Гэрт нь насанд хүрсэн хүмүүс байх авч ажил олдохгүй гэх. Арга буюу алгын чинээ хоёр хүүгээрээ хог түүлгэх болсон гэж өөрийгөө зөвтгөнө. Басхүү хүүхдийн баяр болох гэж байгаа болохоор хоёр хүүхэд маань баярынхаа мөнгийг хийхээр ирсэн гэлээ. “Нэг сумаар хоёр туулай буудаж байгаа юм биш үү” гэхчлэн гайхуулах аястай ярих нь дотор эвгүйцүүлэв. Халааснаасаа гар утас гарган эхнэртэйгээ ярих энэ эр хоёр хүүхдийнхээ цуглуулж ирсэн лааз шилийг манах үүрэгтэй сууж байгаа нь энэ юм байх. Халтартаж харласан гараараа өмнөх лаазаа ийш тийш нь болгонгоо өөрөөс нь 100 орчим метрт тонголзон хог түүх хүү охин хоёрынхоо зүг ширтэнэ. Түүнтэй хэсэг хором ярилцаа.
-Та энд хоёрдогч түүхий эд цуглуулдаг болоод удаж байна уу?
-Би бие муутай хүн. Сая гэхэд л эмнэлэгт хэвтэж байгаад гарч ирсэн. Энд хог түүдэг болоод олон жил өнгөрчээ. Одоо ч больж дээ. Хоёр хүүхэд өнөөдөр надтай хамт ирлээ. Миний хөл гарах хөдлөхөө больсон болохоор хоёр хүүхдийнхээ түүсэн юмыг хараад сууж байна даа.
-Хоёр хүүхэд нь сургуульд сурдаггүй юм уу?
-Сургууль нь амарсан. Хүүхдийн баяр болох гээд мөнгөө хийх гэж ирсэн юм.
- Танайх хөдөлмөрийн насны хүн бий юу?
- Бий. Цалин бага, ажил ч олдохгүй юм.
-Хэдэн төгрөгийн цалинг бага гэж ярина вэ?
-За одоо дүү минь яв.
-Маргааш хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Хүүхдүүддээ яаж баярлуулах гэж байна даа?
- Хогийн цэгээс олсон мөнгөөрөө хүүхдүүд хоолныхоо л мөнгийг залгуулна шүү дээ. Өдөрт 50-60 машин хог ирнэ. Эндээс л мөнгөө олно доо. Нэг хуванцар сав 150-200 төгрөгийн үнэтэй Ченжүүд ирж авна шүү дээ. Хоёр хүүхдээ байнга хог түүлгэхгүй ээ. Зуны амралтаар дулаанд л гэр бүлдээ тусалдаг юм.

Тэрбээр нөгөөх л ядуусын ярьдаг цалин бага, ажил олдохгүй байна, хөдөөнөөс ирсэн бичиг баримтны зөрчилтэй гээд үгийн зөрүүгүй зовлонгоо тоочиж суулаа. Бидний уулзсан дараагийн хүн бол Б.Түдэвдорж өнөөх эрийг бодвол арай өөр зүйл ярих аж. Энэ эрэгтэй одоогоос 10 гаруй жилийн өмнө Увс аймгаас Улаанбаатарыг зорьж иржээ. Бас л 10-12 насны хоёр хүүхэдтэй хамт хог түүж яваа юм. Хоёр хүүгийн том нь Б.Түвдэндоржийн гурав дахь хүү бөгөөд бага нь саднынх нь хүүхэд гэнэ. Тэдэнтэй л хэсэг хором ярилцлаа. Хөмсөгнийнхөө голд гялайж харагдах сорвио үе үе оролдож газар ширтэн зогсох 10 настай хүү Ц “Хог түүх муухай. Том болоод математикч болох хүсэлтэй" гэв. Түүний хувьд хамгийн дуртай хичээл нь хүн ба байгаль. Энэ хичээлийг сонирхож эхэлсэн нь туулай тэжээдэг байсантай холбоотой гэв. Тэрбээр “Бүх амьтад хөөрхөн би туулай тэжээдэг байсан алдчихсан” гэж хуучиллаа. Ахаасаа түрүүлж дуугарах сэргэлэн бор хүүтэй хэсэг хугацаанд ярилцлаа
Том болоод математикч болно
-Миний дүү өдөрт хэдэн төгрөг олдог вэ. Мөнгөө юунд зарцуулах уу?
-Би ахтайгаа хамт мод түүх гэж ирсэн. Сурууль амарчихсан болохоор хаяа ийшээ ирдэг юм.
-Сургуульд сурч байгаа юу?
-Сурдаг, Би математикийн хичээлдээ сайн
-Том болоод ямар мэргэжилтэй болох вэ?
-Математикч болно.
-Энд найзууд нь бий юу?
- Байхгүй. Хотод бий. Надад олон найууд бий.
-Миний дүүгийн мөрөөдөл юу вэ?
-Том болоод ээж аавдаа мөнгө олж өгнө.

Их хотын хог энэ хүүгийн өл залгуулах хоол болдог гэдгийг түүнтэй хэсэг хором ярилцахад төвөггүй ойлгож болохоор байв. Түүнтэй хамт явсан ахынх нь хувьд ч өөрийгөө гэр бүлийнхээ өмнө мөнгө олох үүрэгтэй гэж боддогоо нуусангүй. Тэнд ажиллаж буй хүмүүсийн хэлэхээр Улаанчулуутын хогийн цэгт ажилладаг хүүхдүүд харьцангүй цөөрсөн гэнэ. Гэхдээ холбогдох газруудаас хийсэн судалгаагаар Улаанбаатар хот, аймгийн төв, сум, суурин газруудад албан бус тоогоор 6950 хүүхэд хөдөлмөр эрхэлж байгаагийн 4600 орчим нь нийслэлд ажилладаг байна. Түүнчлэн 1200 орчим хүүхэд тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөр эрхэлдэг тухай ч судалгаанд дурджээ. Нэг хүүхэд заримдаа 500 кг ачаа зөөх тохиолдол байдаг бөгөөд энэ нь НХХ-ийн сайдын баталсан насанд хүрээгүй хүнээр ачаа зөөлгөх, өргүүлэх хэмжээнээс 4-8 дахин их аж. Зах, хогийн цэг дээр ажиллах, хэт хүнд ачаа өргөх, мах бэлтгэх, уул уурхайн салбар, хурдан морь унах зэрэг нь хүүхдийн тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөрт тооцогддог байна. Хөдөлмөр эрхлэгч хүүхдүүдийн олсон орлогоороо өрхийн төсвийнхөө 20-40 хувийг бүрдүүлдэг гэсэн судалгаа гарчээ.
Улаанчулуутын хогийн цэг, зах гудамжаар ажиллаж буй хүүхдүүдийн өөрийнхөө төлөө дуугарах ганц өдөр нь нөгөөдөр тохионо. Гэвч энэ өдрөөр томчууд тэдний өмнө тулгамдсан ямар асуудал байгааг сөхөж ярихын оронд амттанаар цатгах л ёстой аятай өнгөрүүлдэг. Сурлагаараа тэргүүлэгч, урлагийн авьяастай гэх тодотголтой цөөн хүүхэд Ерөнхийлөгч, эсвэл Ерөнхий сайдтай уулзаж мөрөөдөл ярьдаг бол Улаанчулуутын хүүхдүүд улаан тоосон дахь амьдрал дундаа өнгөрүүлдэг.












Сурвалжлагч Н.Түвшин
Гэрэл зургийг Ч.Лодойсамбуу
СЭТГЭГДЭЛ БИЧИХ