
Долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдаад байгаа хошууч, генерал Ч.Амарболдын ах Ч.Энхболд, хурандаа О.Зоригтын эгч О.Оюунцэрэн нар дөнгөж сая сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ. Тэд, Цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа Ч.Амарболд, О.Зоригт нарыг Шастины нэрэмжит III эмнэлэгт шилжүүлж өгөхийг Сүхбаатар дүүргийн шүүхээс хүсч байгаа юм.
Учир нь хошууч генерал Ч.Амарболд элэгний судас боох мэс засалд орсон бол хурандаа О.Зоригт зүрхний мэс ажилбар хийлгээд удаагүй байхад нь шүүх хуралдаанд оролцуулахаар Цагдан хорих төвд авчирсан нь хүнлэг бус үйлдэл гэдгийг мэдэгдсэн. Цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэг нь хагалгааны дараахь эмчилгээ хийх боломжгүй газар гэдгийг тэд хэлсэн юм. Хагалгаанд ороод найман цаг болж байсан Ч.Амарболдын хувьд өчигдөр Цагдан хорих төв рүү хүргэгдэж байх үедээ биеийн байдал нь муудсан байна.
Дашрамд дурдахад, өчигдөр товлогдоод байсан цагдаагийн экс дарга нарыг шүүх хурал нь тэдний биеийн байдлаас болж ирэх сарын 6-ныг хүртэл хойшилсон юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ