Говьд хуралдсан Монголын Засгийн газрын санаачилгыг үнэллээ

img

Өмнөд Солонгос улсын Чангвон хотноо НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурал үргэлжилж байна. Бага хурлын хүрээнд Талуудын Дээд түвшний буюу Сайд нарын хуралдаан болж өндөрлөв. Энэ хуралдаанд 156 орны сайд, дэд сайд нар хүрэлцэн ирсэн ба манай улсыг төлөөлөн Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх оролцсон юм. БОАЖ-ын сайд Л.Гансүх энд ажиллах хугацаандаа Зүүн хойд Азийн “Цөлжилт, газрын доройтол, хуурайшилтай тэмцэх сүлжээ” байгуулах санамж бичигт гарын үсэг зурсан. Монгол Улсын БОАЖЯ, БНХАУ-ын Ойн алба, БНСУ-ын Ойн албаны хооронд байгуулсан энэ санамж бичгийн дагуу стратеги төлөвлөгөөний зорилтуудыг хэрэгжүүлэх олон ажил хамтран хийх юм. БОАЖ-ын сайд Л.Гансүх хурлын үеэр Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, ноён Лук Накаджатай уулзаж ярилцав. Монгол Улсын Засгийн газар говьд хуралдан уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн асуудал хэлэлцсэнийг ноён Лук Накаджа чухалчлан үнэлж, энэ нь дэлхий нийтийн анхаарал татсан, Монголын Засгийн газар цөлжилттэй тэмцэх чин хүсэлтээ илэрхийлсэн чухал арга хэмжээ болсон гэж үнэлж байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн тэрбээр цөлжилттэй тэмцэх 10 жилийн хүрээнд энэ асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах арга хэмжээг Монголд зохион байгуулахыг санал болголоо. Монголын Засгийн газрын хүчин чармайлтыг өндрөөр үнэлсэнд БОАЖ-ын сайд Л.Гансүх Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын гүйцэтгэх нарийн бичгийн даргад талархал илэрхийлж, Монголын цөлжилттэй тэмцэх тодорхой төсөл хэрэгжүүлэхэд болон энэ чиглэлээр мэргэжилтнүүд сургах, олон улсын судалгааны ажилд оролцуулах талаар дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Цөлжилттэй тэмцэх 10 жил, Биологийн олон янз байдлыг хамгаалах 10 жилийг тэмдэглэх хүрээнд хамтарсан арга хэмжээг 2012 онд Монголд зохион байгуулах талаар энэ уулзалтаар санал нэгтэй тохиролцов. Өчигдөр өндөрлөсөн Дээд түвшний хуралдаанаар сайд нар “Цөлжилт ба хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Рио+ 20 ба ногоон эдийн засаг”, “Цөлжилт, газрын доройтол, хуурайшилтай тэмцэхэд шинжлэх ухааны мэдлэгийг ашиглах нь” гэсэн гурван асуудлаар дугуй ширээний ярилцлагад оролцсон. Үүний зэрэгцээ Өмнөд Солонгос улсаас оруулсан “Чангвоны санаачилга”-ыг сайшааж, Цөлжилтэй тэмцэх 10 жилийн стратегийн хэрэгжилтийг түргэтгэх чухал арга хэмжээ болно гэж үзлээ. Чангвоны санаачилгыг хэрэгжүүлснээр 2030 он гэхэд дэлхий нийтээрээ “0” цөлжилттэй болох зорилт дэвшүүлж байна.    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ