Залуу бөх Эрдэнэчимэгийн Сумьяатай уулзаж ярилцлаа.
-Жиндээ түрүүлсэнд баяр хүргэе. Барилдааныхаа тухай ярина уу, аль барилдаан нь хэцүү байв?
-Би дөрвөн барилдаан хийсэн, эхний тойрогт энэтхэгийн бөхтэй, алтан медалийн төлөө америкийн бөхтэй тус тус хийсэн барилдаан их хэцүү байсан, багш нарынхаа хэлснээр барилдаж итгэлийг нь биелүүлсэндээ баяртай байна.
-Ямар ямар мэх хийв, гадаадын тэмцээнээс медаль авлаа...
-Би голдуу өмсөх, мушгих мэх хийдэг, тэр мэхнүүдээ хийж барилдсан. Би урьд нь Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд хоёр жил дараалан оролцож медалиас мултарч байсан, энэ удаа гадаадын тэмцээнээс алтан медаль тэр тусмаа спортоор хичээлэж эхлээд анх удаа алтан медаль авсандаа баяртай байна, их билэгшээж байна. Өмнө нь залуучуудын УАШТ-нээс хоёр хүрэл, насанд хүрэгчдийн УАШТ, саяхан спортын наадмаас хүрэл медаль хүртээд, алтан медалийн бараа харахгүй байсан л даа.
-Өөрийнхөө тухай, аль нутгийнх, багш нарынхаа тухай...
-Би Архангай аймгийн Батцэнгэл суманд 1990 онд төрсөн, дунд сургуулийг сумандаа 2007 онд төгссөн, одоо “Аварга” биеийн тамирын дээд сургуульд гуравдугаар дамжааны оюутан, 2005 оноос нутагтаа Цогтын Билигт-Өрнөх багшийн удирдлага дор чөлөөт бөхийн спортод хөл тавьсан, 2008 оноос “Замчин” клубт Гавьяат дасгалжуулагч З.Дүвчин багшийн удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж байна.
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ