
"Дэлхийн Зөн Монголд" олон улсын байгууллагаас санаачлан Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвтэй хамтран Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “1000 хүүхдийн баяр”-ыг өчигдөр зохион байгууллаа.
Тав дахь жилдээ амжилттай зохион байгуулсан энэ удаагийн баярт Дархан-Уул, Хэнтий, Архангай, Орхон, Булган, Сэлэнгэ, Өвөрхангай, Хөвсгөл, Завхан аймаг болон нийслэлийн есөн дүүргийн нийт 1000 хүүхэд оролцов.
Энэхүү баярыг зохион байгуулснаар хүүхдүүдийг ирээдүйдээ итгэх итгэлтэй болгож, мөрөөдөл, баяр хөөр бэлэглэхийг зорьсон хэмээн Дэлхийн Зөн Монгол ОУ-ын байгууллагынхан хэлж байсан. Энэ жилийн баярт тэр бүр баярлаж чаддаггүй хагас болон бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөр эрхэлдэг, хайр халамжаар дутмаг хүүхдүүд оролцож байгаагаараа онцлог ажээ.
Хүүхдүүдийн бахархал, үлгэр дууриал болсон хүүхдийн төлөө гэсэн зүрх сэтгэлтэй, урлаг соёлынхон, олны танил хүмүүс тус арга хэмжээнд идэвхитэй хүрэлцэн ирж, тэдэнтэй зургаа авахуулж, хамтдаа дуулж бүжиглэж энэ өдрийг өнгөрүүлсэн юм. Олны танил хүмүүсийн дунд МУГЖ дуучин Т.Ариунаа, мисс Ч.Содтуяа охины хамт, хошин урлагийн “Маск” продакшн, СТА, дуучин Ж.Алтанцэцэг, “Anemone”, “Crush Bush”, “Мотив”, “Нэгэн зүгт”, “Гурван бүдүүн”, “Дижитал”, "Увертура" хамтлаг, “Take off” хамтлагийн дуучин Наагий, дуучин Амараа, Мино, Нара, Ану, Баярцэцэг, А-cool, ZZ, “Шинэ үе” продакшны жүжигчид, УДЭТ-ийн жүжигчид, жүжигчин Ааяа нарын уран бүтээлчид хүүхдүүдтэй нэгдсэн. Энэ нь хүүхдүүдэд үнэхээр гэнэтийн бэлэг болж чадсан билээ.
Баярын арга хэмжээ “Хөх тэнгэрийн хүүхдүүд” хамтлагийн тоглолт, дуучин Т.Ариунаа “Нарны хаан хүүхэд” дуугаар эхэлсэн юм. Нээлтийн үеэр “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Винсент Эдвардс оролцогч хүүхдүүдэд баярын мэндчилгээ дэвшүүлсэн. Тэрбээр анх 1993 онд Дэлхийн Зөн Олон Улсын Байгууллага Монгол улсад байгуулагдсан бөгөөд тэр цагаас эхлэн өнөөг хүртэл амьдралын түвшин дорой, хүнд нөхцөл дэх 100.000 гаруй хүүхдийг “Хүүхэд ивээн тэтгэх” хөтөлбөртөө хамруулж, тэднийг сурч боловсрон эрдэм мэдлэгтэй хүн болоход нь тусалж байна. Тус байгууллагынхан цаашид бяцхан иргэдийн ирээдүйг өөрчлөх оюуны хөрөнгө оруулалтыг чухалчилсаар байна гэдгээ ч “1000 хүүхдийн баяр” арга хэмжээний үеэр хэлсэн.
Баярын арга хэмжээний эхний хэсэгт хүүхэд багачууд маань хайртай хамтлаг, дуучдынхаа дууг түрэн дуулж, Олон улсын “Найрамдал” төвтэй танилцан, урлагийн тоглолт, үзэж сонирхсон. Мөн хүүхдийг болзошгүй осол аваараас урьдчилан сэргийлэх зорилгоор ЗЦГ-аас автозамын хөдөлгөөнд хэрхэн оролцох, НОБГ-ын гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар мэдлэг олгов.
Хоёр дахь хэсэгт Олон улсын “Найрамдал” төвийн шинэхэн ашиглалтад орсон 600 хүний суудалтай “Хараацай” хүүхдийн театрт урлаг соёлын оддын гала тоглолт, “Шинэ үе” продакшн бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглосон нь энэ өдрийн хамгийн том сюрприз байлаа. Ийнхүү монголын маань ирээдүй, хүүхэд багачуудын төлөөлөл болох мянган хүүхэд аз жаргал, инээд хөөрөөр дүүрэн нэг өдрийг өнгөрүүлж, тэдний мөрөөдлийг хөглөсөн юм.
П.Наран




































СЭТГЭГДЭЛ БИЧИХ